Quotes by TradingView

Хөдөөгийн хүүхдүүд…

Бид эцэг эхээс арвуулаа бөгөөд бүгд л аргалын утаа боргилсон малчны гэрт мэндэлж, айл айлын самгачуул нар аавын хамт эх барьж, аав хаяагаа манаж, удаж төдөлгүй шинэ шөл гаргаж, хорвоогийн нэгэн монгол айлд үр хүүхэд, ам бүл нэмэгддэг намайг төрүүлсэн тэртээх жараад оны он жилүүд байв.

Аав Доржпалам, ээж Гармаа 1962 он

Намайг гэдсэнд байх тэр үед Гунгаа ахын эхнэр Цэрэв эгч мөн бие давхар, саахалт айл байв. Хоёрын хоёр давхар хөл хүндтэй эхчүүдийг хэзээ төрөхийг харзнан бригадын бага эмч Даш ах манай хот айлыг эргэж тойрч байхад би аз болж төрж анх удаа манай гэрээс намайг эмнэлгийн хүн хөдөө гэрт эх барьж авсан гэдэг. Харин Цэрэв эгч нэг хоногийн дараа амаржиж Гунгаа ахын Цэрмаа төрж мөн Даш ах эх барьж авсан гэдэг. Миний мэдээ орох цагаас л Гунгаа ахын, Баянхүү байжийн, Түвдэндорж жаажаагийн, Хуушаан хуудайн гэх айлуудтай айл саахалт намаржиж, өвөлжиж, хаваржиж, зусдаг байв. Нэг өдрийн зөрөөтэй төрсөн Гунгаа ахын Цэрмаа, нэг жилийн дотор нэг саахалт айл, нэг довон дээр төрсөн Хуушаан хуудайн Баавгай, Баянхүү байжийн Нямдэлэг, Түвдэндорж жаажаагийн Батцэрэн бид бүгд жаран хоёр оных. Бүгд л далан онд Ургамал сумын бага сургуульд нэгдүгээр ангид зэрэг орж байв. Намайг сургуульд орохоос өмнө энэ л дөрвөн айл манай баруун зүүн хойд урд дөрвөн талд өвөлжиж хаваржин, зусаж намаржиж байснаас цаашихыг нь, хаана юу байдгийг би сайн мэддэггүй байв. Миний бага насны орчлон ертөнц, орчныг дөрвөн зүгт танин мэдэх орон зай бол манайх гэдэг айл төвтэй энэ л дөрвөн хөрш саахалт айлаар л хязгаарлагдаж байв. Ирээдүйд гурван настай энэ жаалхүү дөрвөн далайг гаталж, таван тивийг хэрж, бас дэлхийн дээврээс Нобел шүүрэлцэн ирнэ гэдгийг ёстой Бурхан л мэдэж байж.

Ээж намайг хөлд орох хүртлээ цулцгар цагаан биетэй, огт уйлдаггүй, уурлахаараа дэмий л гуяа биеэ базлаад байдаг тийм хүүхэд байсан гэдэг. Харин хөлд орсноос хойш байнга л гадаа наранд зундаа харлаж өвөлдөө борлож байснаас аав ээжээс Мухар бор нэр хайрласан юм.  Бага байхдаа их сониуч сахилгагүй, болохгүй гэсэн юмны цаана заавал гардаг, аавдаа загнуулдаг, ээжээрээ өмөөрүүлдэг хүүхэд байв. Ямар сайндаа аав тамхинаас гарангуут байхгүй хойгуур нь аавын 3000-ын үнэтэй хаш цагаан соруултай гаансыг хашаан дээр гозойлгож тавьчихаад дүүгээ уруу татан Аав тамхинаас гарсан юм чинь хоёулаа очиж аавын гаансыг чулуу шидэн онож Мэргэнээ үзье хэмээн холоос чулуу шидсээр байгаад хага цохиж билээ. Тэр үед эм хонь 80 төгрөг байсан гээд бодохоор гурван мянгын гаанс гэдэг асар их хөрөнгө байж.  Ээж аргал түүх, хонинд явахдаа намайг бүсэлхийгээр оосорлон ханын шийрнээс уяад явдаг байв. Энэ нь гадаа гарч осгож хөлдөх, зуух руу түлэгдэх зэрэг аюулаас хамгаалах зорилготой байв. Би бага байх гурван наснаас хойшхи бүх зүйлийг тод санадаг юм. Хамгийн анхны мэдээ орж тод санадаг зүйл бол хоёр нас өнгөрч байхдаа ээжийн зуухнаас гаргасан халуун нурман дээр чармай нүцгэн сууж анх мэдээ орж байснаа санадаг юм. Тэр үед манайх Цагаанчулуутынхаа хаваржаан дээр байсан, мал ид төллөж байсан үе юм. Бага байхдаа хурга ишигтэй их тоглодог байсан. Хөлд орж мэдээ орсноос хойш орны хөлд уяагдахгүй хаа сайгүй дэмий тэнэж харзны зах, хурганы хашаа хавиар өдрийг өнгөрөөнө. Зуны дэлгэр сайхан өглөө ээж унтаж байгаад сэрээд арваад хүүхдээ бүртгэж үзэхэд нөгөө Цогоо хаана ч байхгүй байхыг олж мэдсэн ээж ихэд сандран, хаачив ийчив, харзанд унаад үхсэн болов уу хэмээн айж харзны захад байх хурганы хашааг зүглэж ирэхэд би хурга ишгэн дотор тайван гэгч унтаж байсан гэдэг. Хүүе миний хүү гэх дуунаар гурван настай жаалхүү би нойроо харамлан, нүдээ нухлан ихэд дурамжхан босож ээжийг дагаж гэртээ орж, ээжийн өглөөний цайны халуун галд дахин нам унтсан гэдэг.

Найман нас хүртлээ аавын гэрийн дөрвөн улирлын буурийг сэлгэн нүүж, ууланд хонь хариулж, голд мордьдоо усалж байснаас өөр хаашаа ч явж юм үзэж нүд тайлж байсангүй. Ямар сайндаа 1970 оны 9-р сарын 1-нд Ургамал сумын бага сургуульд орохдоо анх удаа сумын төв орж байшин гэж ийм юм байдгийг нүдээр үзэхэд их л цуурайтсан юм байсан санагддаг юм. Урьд нь зөвхөн сумын төв гэж аав ээж, ах эгч нараас чихээр сонсон сургуульд хурдхан орж, сумын төвийг очиж үзэх юмсан гэж их мөрөөддөг байв. Анх сумын төв орж нэгдүгээр ангид сурахаар очиход аав намайг анхны өдөр дагуулан Миний хүү төөрнө хэмээн сумын дэлгүүр, худалдаа анги, клуб, эмнэлэг, нэгдлийн захиргаа, номын сан зэрэг бараг бүх газруудыг дагуулж явж биечлэн үзүүлж тайлбарлаж байсныг би хожим цэргийн дарга болчихоод шинэ цэргүүдээ дагуулан цэргийн ангийн бүх объектоор дагуулан явж нэг бүрчлэн тайлбарлан, аюулгүйн зааварчилгаа өгдөг үедээ байнга сэтгэлдээ дурсдаг байв.

Нэгдүгээр анги байранд орсноос эхлээд үдэш бүр цэрэг арми мэт оройн тоо хийдэг байв. Намар хавар сургуулийн дотуур байрны гадаа, өвөл дотор оройн тоо хийнэ. Оройн тооны дараа бүгдээрээ Дэлгэр монгол орон-ыг нийтээрээ байнга дуулна. Сургуульд орохоос өмнө би ганц ч дуу мэддэггүй байв. Дэлгэр монгол орноо Магтаж бид нар дуулахдаа гээд л хүүхдүүдийг дагаж дуулсаар байгаад миний анхны сурсан дуу бол Дэлгэр монгол орон- байв. Харин долоо хоногийн гуравдахь өдөр бүр шугам жагсаал хийнэ. Салаа, бүлгээр хуваарилагдаж илтгэл өгч, бөмбөрийн аянд Бүхий олон багачуудаа Бүрхсэн улаан цэцэрлэгт ээ… гэж дуулдаг нь миний хоёрдахь сурсан дуу л даа. Манай бага сургуулийн бүлгэмийн зөвлөлийн даргаар Бааваа Мандиагийн Нарангэрэл /Бөртэ компаний ерөнхий ня-бо/, бүлгийн даргаар Гомбосүрэн Гомоо захирлын охин Ганчимэг, дотуур байрны даргаар Түвдэндорж Жаажаагийн Пүрэвжав нар ажилладаг байв. 1-З-р ангидаа баатарчуудын гишүүн, 4-р ангиас пионерийн гишүүн, 8, 9-р ангиас эвлэлийн гишүүнээр заавал элсэнэ.  Миний эх оронч болон бие бялдар, сэтгэл зүйн хүмүүжил тэр үед dДэлгэр монголd1 орон сүлд дуу, шугам жагсаал, оройн тоо, өглөөний гимнастик, баатарчууд, пионероор төлөвшиж эхэлсэн ч дотуур байранд тасралтгүй үргэлжлэх бөхийн барилдаан, нударган зодооны тэмцээнээр бас их бэхжиж байж. Байранд хийх юмгүй тул үе үе мэргэжлийн боксын тэмцээн зохиож, хоорондоо жинхэнээсээ зодолддог байв.  Гэхдээ ахлах ангийнхантай бус, нас насаараа, анги ангиараа, хоёр хоёроороо шударгаар зодолддог байв. Мэргэжлийн боксын тэмцээн өөрийн гэсэн дүрэмтэй. Мод чулуу бээлий хэрэглэхгүй, өшиглөхгүй, өвдөглөхгүй, дэвсэхгүй, зөвхөн улаан гараараа үзнэ, ядарсан бол хэн нэгнийх нь хүсэлтээр түр амарна, нармай нээсэн л бол ялсан ялагдсанд тооцно гэх мэт.

Тиймээс хамгийн гол нь нармайгаа хамгаалах нь их чухал. Зуны амралтаараа ч бэлтгэлээ сайн хангахын тулд Төмөр ахын Эрдэнэсүрэн бид хоёр бригадын хадлан дээр үдийн унднаар нэг цаг амрахын оронд бүтэн цаг хиртэй зодолддог байж билээ. Хадлан дээр зөвхөн хүүхэд бид ч биш томчууд хуртэл зодолддог байсан. Нэг удаа хадлан дээр манай бригадын дарга, бага эмч хоёр бидний нүдэн дээр навс зодолдож гар хөлөө хуга цохиж л байсан. Тэглээ гээд тэр үед шүүх цагдаа болж байсныг санахгүй юм. Ер нь бага байхад отор хийснээс би хадланд явах илүү дуртай байв.  Хадлан дээр үеийн хэдэн нөхөдтэйгөө нийлж барилдаж зодолдож, бороотой үед хадлан хадахгүй тул айлын эзэнгүй эмнэг морьдыг бугуйлдаж барин чихдэж, цоровдож байгаад эмээл хазааргүй мордож, буруу зөрүү харж суун булгуйлж тоглодог байв. Шөнө орой болохоор эр биес нь гүйцэж, эд эс нь ч боловсорч амжаагүй хэдэн халтар ухнан ишиг шиг юмнууд нийлээд чадахгүй байжээч охидуудын майханы хаяа хатавчаар дэмий л өнгөлзөж салхи сэвэлзүүлэхээ бас мартахгүй.

Байранд үргэлж гэдэс өлсөнө. Тиймээс гадуур сэлгүүцэж айлын түлээ түлш хөрөөдөх, ус зөөх зэргээр бор гэдсээ божийлгоно. Олон сараар бага сургуулийн дотуур байранд хашигдах хүүхэд бидний баяр хөөртэй үеийн нэг бол аавууд хөдөөнөөс хаяа нэг ирж ЖУНХАА тараах явдал байв. Жунхаа гэдэг нь ээжүүдийн хийж бидэнд явуулсан чихэр боов, ааруул өрөм гэх мэт зүйлийг багтаасан нэгэн бодлын илгээмж юм даа. Манайх төвөөс хол, олон хүүхэдтэй айл байсан тул би арваад жил сургуулийн дотуур байраар явахдаа гэрээсээ боорцог ааруул 1-2 удаа л авсан байх. Сумын төвд байдаг хамаатан айлд очих, сумын дэлгүүр ороход хүртэл байрны багшаас чөлөө авч явах ёстой ч тэр болгон аваад байхгүй оргоод л алга болно. Гуравдугаар ангид байхдаа нэг удаа манай ангийн Гайтав бид хоёр гэрээс нь илгээмж, бас хэдэн төгрөг ирсэн доод ангийн Монхор Бямбадоржыг шордож байгаад сумын дэлгүүрээс загасны консерв авахуулан гурвуулаа сургуулийн уул овоо шиг хураасан шавганы орой дээр гараад задалж идэх юм аядаж байхад тээр холоос сургуулийн захирал Гомоо Хай тэр шавган дотор толгой нь гоголзоод байгаа нөхдүүд гараад ир гээд л хашгирч байна. Гайтав бид хоёр хэзээний хашир бурхи мэт доош нуугдмагц, Бямбадорж годос хийн босоод гүйн Гомоо дээр очтол захирал чихдэн өрөөндөө дагуулаад орж байгаа харагдав. Бид хоёр консерваа айван тайван задалж идчихээд нөхрийг яасан бол хэмээн Гомоо захирлын өрөөны цонхоор сэмхээн шагайтал Бямбадорж маань захирлын өрөөны ханан дахь том бугын эвэрнээс бүсэлхийгээрээ өлгөөтэй, дөрвөн мөчөөрөө тийчигнэн нус нулимсандаа хутгалдсан байдалтай байхыг хараад хоёул нуг нуг инээн алга болж билээ.

Дотуур байр, бага сургуулийн дэглэм хатуу ч Яагаад болохгүй гэж гэсэн мэт дүрэм журмыг заавал зөрчих гээд байдаг явдал их л дээ. Тухайлбал, сургуулийн хүүхдүүд сумын клубт оройн цагаар кино үзэх хориотой байлаа. Тэгтэл би нэг удаа том хүмүүстэй шөнө оройн цагаар кино үзмээр санагдаад киноны билетээ үзүүлээд орж байгаа том хүний дээлийн хормойн дотор нуугдаад клубт орж, кино үзсэн ч юм байхгүй тэгэсхийгээд суудал дээрээ нам унтаад өгөж. Нэг сэртэл үүр цайж өглөө болсон, эргэн тойронд хэн ч байхгүй, сумын клубын хаалга гаднаасаа таг цоожтой байхаар нь цонхоор гараад байрандаа ирж билээ. Бага сургуулийн формын хувцас гэвэл охидууд ногоон даалимбан дээлтэй, хөвгүүд цэнхэр даалимбан дээлтэй байнга явна. Байранд байхдаа олуулаа дарвиад моодны хойноос их хөөцөлдөнөө. Гэхдээ энэ нь хувцас хунар биш харин аливаа нэг юм цуглуулах хообий байсан юм болов уу.

Дотуур байрны хүүхдүүд 50-иад жилийн дараа

Тухайлбал маатагны цохиур мод, жижиг алаг бөмбөг, цэнхэр голтой хол тусдаг гар чийдэн, орос цэргийн ременэн бүс гэх мэт байснаа сүүлдээ нэг үе машины лампчик цуглуулах явдал моод болоод явчихваа. Хэн олон лампчиктай нь тэр Атмаанд тооцогдоно. За тэгээд үүний тулд бид шөнөжингээ гадуур тэнэж ах дүү хамаатан саданых ч гэлтгүй нэгдлийн хэдэн жолооч нарын машины том жижиг лампыг тэсгээлгүй ухаж төнхөн хулгайлсаар байгаад сүүлдээ жолооч нарын хараанд өртөн тэд бидэнд дайн зарлахийм болов. Нэг удаа Хуудайн Баавгай /Скаут, хүүхдийн Баавгай багш гэдгээр хүмүүс андахгүй болов уу/, Доохүү Андиагийн Баярсайхан /Бор өндөрийн Засаг дарга/ бид гурав тэдний хүргэн ахынх нь ГАЗ-53 машины лампчикийг шөнө дөлөөр ухаж байгаад отоонд орон баригдан, зугтааж сумын төвийг гурав тойрч хөөгдөн сүүлдээ дотуур байрныхаа орон дороос чихдүүлж билээ.

 

ОУ-ын зэвсгийн шинжээч, хурандаа Доржпаламын Эрдэнэцогт

  • Hello, guest