Quotes by TradingView

Жирвий саарал…

 

Социализмийн үед манайх азаргаар тоологдох адуугүй ч боломжийн хэдэн сайхан морьдтой, улаан хүрэн зүсмийн хоёр гүүтэй байв. Манай аав хамгийн том эгч Ролмаад бор морио, улаан гүүний удам сайвар хээр морийг эгч Сумъяад, хүрэн гүүний удам хүрэн халзан морийг ах Эрдэнэбилэгт, хүрэн халзангийн дүү хамар цагааныг эгч Цагаанхүүд, жороо халтрыг дүү Эрдэнэ-Оргилд гэх мэтчилэн хүүхэд бүртээ тэмээ адуу зэрэг амины бод малаа бараг бүгдийг нь зүслээд өгчихнө. Энэ нь хүүхдийг багаас нь өөрийн гэсэн өмчтэй харьцуулж сургах, түүнийгээ хайрлаж хамгаалах үзэлтэй болгох монгол арга ухаан байж.

1970 оны хавар намайг сургуульд ордог жил улаан гүүнээс эр хонгор унага гарч, аав надад зааж өгч би мөн ч их баярлаж билээ. Даага болонгуут нь сумын наадамд уралдаж хоёрт оров. Уг нь сумын төвийн Сайрын адгаас даага гарахад миний хонгор даага хамгийн түрүүн цойлон түрүүлж явав. Би баяртай нь гэгч аргагүй ташуурдсаар түрүүлж барианд бараг орж явтал улаан гүү наадамчин олны дундаас янцгаахад миний хонгор даага бариа руу бус шууд л янцгаах эх рүүгээ ам булааж хадуурах нь тэр. Тэгтэл миний даагыг сойсон Сайханжаргал ах бор морьтойгоо давхин ирж намайг цулбуурдаж барианд хүргэхэд миний ард явсан хээр даага өмнүүр орж билээ. Түүнээс хойш даага сойхдоо эхийг нь наадмын талбайд аваачиж болдоггүй юм байна гэдгийг ойлгосон доо.

Дараагийн жил нь хонгор шүдлэнгээ сумын наадамд унаж түрүүлж, наадмын стадионд морьдоо цоллуулж, морь цоллосон, мөн хурдны морины нэр өгдөг Бүрүү Бүбүүгээс хонгор шүдлэндээ Булган халиун хэмээх цол чимэг авч, чихэнд нь шивнүүлж билээ. Жил ирэх тутам хонгор үрээний өнгө нь бүдгэрч саарал болж сумын наадамдаа олон жил тоосоо өргөн үзүүр түрүү айргийн тавд найдвартай давхисан даа. Миний саарал морийг аав болон бусад ах, эгч, дүү нар тэр болгон бараг унахгүй. Би амралтаараа ирэхээр унана, уяна.

Хөдөө бол зургаагаас арванхоёр хүртлээ хурдны морь унаж, арвангурван наснаас морь уяж эхлэнэ дээ. Хамгийн сүүлд би аавыг өнгөрдөг жил саарал морио зэргэлдээ сум Завханмандалын баярт сойж айрагдаж байлаа. Түүнээс хойш би ер нь морь уясангүй юм байна. Орост курсант зургаан жил болохдоо зуны амралтаар ирэх болгондоо саарал мориныхоо дэлийг засч, Хүнгийн голоо өгсөж уруудан нутгийнхаа айлуудаар орж гарч хэсэж давхидаг байлаа. Миний хайртай саарал морь хорь гаруй жилийг насалж, миний дүү Эрдэнэ-Оргил сүүлийн гурван жил нь уналга эдэлгээнд хэрэглэлгүй зөнгөөр нь байлгаад тогоо тосдох зүрх нь хүрэлгүй зөнөөж. Тэгээд Баруун Багалууртад зөнөж үхсэн байсныг нь олж, сайхан толгойг нь огтолж Цагаан овооны оройд тахьсан гэдэг. Гэсэн ч миний эгч яруу найрагч Сумъяа Нутаг амьтай аав хэмээх дуундаа Жирвий саарал нэрээр мөнхжүүлсэн юм.

Ер нь улаан гүүний удам бага залуу насандаа бол зураачийн уран бийрээр зурсан юм шиг уран нарийн саарал морьд байсан. Эгчийнхээ зохиосон Нутаг амьтай аав минь дууг сонсохоор миний бага нас, нутаг орон, аав ээж, нутагтаа зуны амралтаараа очиж байсан зэрэг идэр насны  амьдрал маань тэр чигээрээ л багтдаг. Миний Жирвий саарал морь яалт ч үгүй хурдан, номхон, хатираа сайтай, гүүн сайвар, алс замд эцэнэ цуцна гэж үгүй, бас их ухаантай, эзнээ хээр хаядаггүй аргагүй л жинхэнэ монгол морь байсан юм.

 

 

ОУ-ын зэвсгийн шинжээч, хурандаа Доржпаламын Эрдэнэцогт

  • Hello, guest