Quotes by TradingView

ХАР ШОКОЛАД ИДЭХ 5 ШАЛТГААН

ШОКОЛАД ХЭРХЭН ҮҮССЭН БЭ?

Шоколадыг какаоны модны үрээр хийдэг бөгөөд Монгол нэр нь борхош билээ. Үүнийг Theobrоma cacao гэж шинжлэх ухаанд тэмдэглэдэг бөгөөд 17-р зууны үед эрдэмтэн Карл Линней (Carl Linnaeus) уг нэрийг өгчээ.

Энэ нь Грекээр амт оруулагч гэсэн утгатай үг юм. Гэвч хэдэн мянган жилийн өмнө Мексик болон Өмнөд Америк орчмоор суурьшиж байсан Майячууд (Maya civilization) шоколадыг хэрэглэж байсан гэж үздэг. Учир нь тухайн үеэс үлдсэн ханан дээрх зурагт бурхадын идээ болгон хэрэглэдэг байсан тухай дүрсэлжээ. Тэд какаоны модны жимсийг түүж, үрийг нь нунтаглаад халуун ногоотой, хөөсөрсөн, гашуун амттай унд болгодог байжээ.

Алдарт жуулчин Христофор Колумб, Эрнан Кортез нар 1500 оны орчим какаоны үрийг анх Европт авч ирсэн байна. Европчууд уг үрээр юу хийдгийг мэддэгүй байв. Учир нь уг үрээр хийдэг ундаа маш гашуун байлаа. Эцэст нь Кортез ундаанд чихэр холих санаа сэджээ. Шинээр нээсэн энэхүү чихэрлэг ундаа нь богинохон хугацаанд Европын хаадын гэр бүлийн тусгай ундаа болжээ.

Тухайн үед какаоны үр, элсэн чихэр тийм ч элбэг биш байсан тул ард иргэд хэрэглэдэггүй байв. Какаоны ургамлын тариалан ихсэх тусам улам хямд болж улам өргөн хэрэглэх болжээ. Удаан хугацааны турш шоколадыг шингэн байдлаар хэрэглэж байв. 1800-аад оны үеэс Англи, Швейцарид өнөөгийн шоколадтай төстэй амттай, хатуу шоколад гарах болжээ.

ХАР ШОКОЛАД НЬ ХҮНИЙ БИЕД ЯМАР ЭЕРЭГ НӨЛӨӨ ҮЗҮҮЛДЭГ ВЭ?

1. Эрүүл зүрх

Хамгийн сүүлийн үеийн судалгаагаар шоколад нь зүрх судасны үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг гэдгийг тогтоожээ. Швед эрдэмтэд нарын 9 жилийн судалгаагаар 31.000 гаруй эмэгтэйчүүд долоо хоногт нэгээс хоёр ширхэг хар шоколад иддэг байсан бөгөөд энэ нь зүрхний дутагдлын эрсдэлийг гуравны нэгээр бууруулдаг болохыг баталсан юм.

Өмнө жил Германд хийсэн том хэмжээний урт хугацааны судалгаагаар хар шоколад нь цусны даралтыг бууруулж, зүрхний шигдээс, цус харвалтын эрсдэлийг 39 хувиар бууруулдаг гэдгийг тогтоожээ.

Шоколад нь флавоноид, антиоксидант нэгдэл ихээр агуулдаг бөгөөд энэ нь вен болон артерийн судасны уян хатан байдлыг нэмэгдүүлдэг байна.

Гэхдээ шоколадан дахь антиоксидантууд нь элсэн чихэр, сүү, цөцгийн тосны хольцтой байдаг учраас тогтмол дасгал хөдөлгөөн хийх хэрэгтэй.

2. Илүүдэл жинг арилгах

Копенгагены (Copenhagen) их сургуулийн судлаачид хар шоколад нь хоолны дуршил бууруулан илүү сэтгэл хангалуун мэдрэмж төрүүлдэг болохыг олж мэджээ. Хэрвээ хар шоколадыг турах зорилгоор идэх гэж байгаа бол зөвхөн нэг нүд хэсгийг л идэхэд хангалттай. Мөн энэ нь хоолны дэглэм барьж сурахад туслана шүү.

3. Стрессийг багасгах

Стресс гэдгийг сэтгэл зовинол, уур уцаар, гутрал, сандрал зэргийн илрэл гэж ойлгож болно.

Нас хүйс хамаарахгүйгээр хүн болгон өөр өөр шалтгаанаас болж стрессдэж болно. Стрессээс гарах олон арга зам байдаг бөгөөд нэгэн үр дүнтэй арга нь шоколад идэх юм. Өдөр бүр хар шоколад идсэнээр бухимдсан хүний стресс болон дааврын түвшин эрс буурч, стрессийн нөлөөг багасгадаг байна. Мөн шалгалтын өмнө нэг жижиг дөрвөлжин хар шоколад идвэл сандрал тодорхой хэмжээгээр буурдаг гэнэ шүү.

4. Илүү ихийг танин мэдэх

Хар шоколад нь тархины санах ойг нэмэгдүүлдэг байна. 2009 онд хийсэн судалгаагаар өндөр настай хүмүүсийн танин мэдэх чадварыг сайжруулахын тулд хар шоколадыг өгөх болжээ. 70-74 насны 2.000 гаруй оролцогчийн судалгаагаар шоколад, дарс, флавоноид (flavonoid) агуулсан цай зэрэг нь танин мэдэхүйн үйл ажиллагаанд эерэгээр нөлөөлдөгийг харуулсан. Судалгаагаар “флавоноидоор (flavonoid) баялаг хоол хүнс болон шоколад, дарс, цай зэргийг хэрэглэснээр танин мэдэхүйн чадамжийг дээшлүүлдэг” гэж судлаачид үзэж байна.

5. Цусны даралт болон цусан дахь сахарын хэмжээг багасгах

Судалгаанд хамрагдсан хүмүүс найман долоо хоногийн турш хар, цагаан шоколад тус тус 25 грамм хэрэглэсэн байна. Судлаачид хар шоколад нь цусны даралтыг бууруулдаг төдийгүй цусан дахь сахарын хэмжээг бууруулдаг талаар гайхалтай үр дүнг гаргажээ. Чихрийн шижин өвчтэй эсвэл түүнээс сэргийлэхийн тулд какаоны агууламж өндөр хар шоколадыг хэрэглээрэй.