Quotes by TradingView

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын төлөө хамтдаа зөвлөгөөн боллоо

Сүхбаатар дүүргийн ЗДТШ-аас Замын хөдөлгөөний аюулгүй байдлын төлөө хамтдаа зөвлөгөөн Blue Sky зочид буудалд энэ сарын 22-ны өдөр боллоо.

Уг зөвлөгөөнийг тус дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Замын цагдаагийн алба, Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар хамтарч зохион байгуулав.

Зөвлөгөөний нээлтэнд УИХ-ын зарим гишүүд болон ЦЕГ-ын дэд бөгөөд Нийслэлийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Ядамдорж  үг хэллээ.

Сүхбаатар дүүрэг дэхь Замын цагдаагийн хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа М.Отгонбаяр Дүүргийн замын хөдөлгөөний өнөөгийн нөхцөл байдал, зам тээврийн осол, хэргийн гаралт, түүний шалтгаан нөхцөл, НЗД-ын дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч бөгөөд НИТХ-ын төлөөлөгч П.Баярхүү Нийслэлийн өнөөгийн нөхцөл байдал, Замын цагдаагийн албаны техник, Замын хяналтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ч.Жаргалсайхан Замын хөдөлгөөний аюулгүй байдал ба Сүхбаатар дүүрэг зэрэг сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлээ.

Түүнчлэн энэхүү зөвлөгөөний бас нэг онцлох сэдэв нь Дэлхий нийтэд зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх талаар хэрэгжүүлж буй ажил сэдэв байлаа. Энэ сэдвийг Замын аюулгүй байдлын үндэсний төв ТББ-ын тэргүүн, цагдаагийн бэлтгэл хурандаа О.Батжаргал онцлон ярьж, оролцогчид санал солилцсон юм.

Мөн Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга В.Гомбодорж 2018-2020 онд хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр Сүхбаатар дүүргээс хийгдэх ажлын талаар танилцуулж, хөтөлбөр, төлөвлөгөөг хэлэлцүүлэв.

Б.Баярмаа