Quotes by TradingView

Шатахууны үнийн үйл явц хэлбэлзэлтэй өрнөх тул санаа зовох хэрэггүй

Шатахууны үнэ ханш эдийн засагт үзүүлэх үр нөлөө сэдвээр Эдийн засгийн сэтгүүлчдийн Өөрчлөгч клуб 2018 оны эхний хэлэлцүүлгээ энэ сарын 22-ны өдөр хийлээ.

Хэлэлцүүлэгт УУХҮЯ-ны Түлшний бодлого зохицуулалтын газрын дарга Ч.Чулуунбат, МҮХАҮТ-н Ерөнхийлөгч Б.Лхагважав нар оролцож, сэтгүүлчдийн асуултанд хариулт өгсөн юм.

Шатахуун импортлогчид болон төр, хувийн хэвшлийн байгууллагын хамтарсан Үнийн зөвлөл энэ нэгдүгээр сарын 18-нд хуралдаж, шатахууны нийт хэрэглээний 90 хувийг эзэлдэг АИ-92, А-80 бензиний үнийг нэмэхгүй байх зөвлөмж гаргасан. Харин А-95, А-98, Евро-5 зэрэг шатахууны нэмэгдсэн үнийг бууруулахгүй байж болно гэж үзжээ.

Төрийн энэ зохицуулалт хэр урт настай вэ, шатахуун импортлогчид үнэхээр алдагдалтай ажиллаж байна уу, нефтийн бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнэ ханшийн Монгол дахь нөлөө бодитой юу?, Төр, хувийн хэвшлийнхэн цаашид шатахууны хараат байдлаас гарах арга замыг хэрхэн тодорхойлж байна зэрэг асуулт олон нийтийн анхаарлыг татаад байгаа юм.

Эдгээр тулгамдсан асуултад үнэн бодитой, тэнцвэртэй мэдээлэл өгөх үүднээс энэхүү хэлэлцүүлэг ажил хэрэгч боллоо.

Энэ үеэр Ч.Чулуунбат даргын ярьж байгаагаар үнэ тогтворжуулах хөтөлбөрийн дагуу шатахуун импортлогчид нэг ам.долларыг 1470 төгрөгөөр тооцон Монгол банкнаас нийт 3 тэрбум төгрөгийн зээл авчээ.Зээл авсан компаниуд зээлээ хугацаанд нь бүгдийг эргүүлэн төлсөн байна.

Харин Б.Лхагважав дарга Монгол банкны 3 тэрбум төгрөгийн алдагдал дунд газрын тосны бүтээгдэхүүний үнэ тогтворжуулах хөтөлбөр багагүй хувь эзэлсэн байгаа.

Түүнчлэн Засгийн газрын эрх баригчид ОУВС-тай байгуулсан гэрээний дагуу онцгой албан татвараа нэмэх эрхгүй болсны горыг бид амсаад явж байна.Тус сангийн дараагийн ажлын хэсэг энэ сарын 25-нд ирнэ. Энэ үеэр Сангийн сайд Онцгой албан татварыг дахин нэмэх эрх авах хүсэлтээ илэрхийлнэ. Онцгой албан татварыг нэмснээр шатахуун импортлогчид литр тутамд 100-200 төгрөгийн алдагдал хүлээж байгаа.

Ер нь компаниуд буяны байгууллага биш. Миний байр суурь бол үнийг чөлөөлөх нь чухал юм. Жишээлбэл, Махны үнэ өссөн ч удалгүй эргээд буусан. Үүнтэй адил шатахууны үнийн үйл явц хэлбэлзэлтэй өрнөх тул санаа зовох хэрэггүй. Төр ААН-үүдийн дотоод үйл хэрэгт оролцох хэрэггүй. Дөрөвдүгээр сар хүртэл тэс гэж шахаж байгаа юм. Чөлөөтэй буюу зах зээлийн жамаар нь үнийг зохицуулах ёстой гэж МҮХАҮТ үзэж байна хэмээн тайлбар өглөө.

Манай улс ОХУ-аас  нийт газрын тосны 90 хувийг ам.доллараар худалдан авч байгаа аж. Тус улсын Роснефть компаниас газрын тосоо авчирдаг ч нийт газрын тосны 80-90 хувийг уул уурхайн компаниуд худалдан авдаг юм байна.

Харин манай улсын ААН-үүд шатахуунаа ам.доллараар авч, хэрэглэгчдэд төгрөгөөр борлуулдаг тул шатахуун импортлогчид алдагдал хүлээдэг гэдгийг энэ үеэр дурдлаа.

Манай улсад нийт 100 ААН шатахуун импортлох тусгай зөвшөөрөлтэй байдаг бол үүнээс 87 ААН үйл ажиллагаа явуулж байна. Одоогийн байдлаар шатахууныг жижиглэн хэрэглэгчид хомсдолтой нүүр тулсан ч уул уурхайн компаниуд болох ААН-үүд хэвийн ажиллаж байгаа аж.

Засгийн газрын тогтоолоор 2016 оны наймдугаар сард шатахууны үнийг зохицуулах зөвлөлийг төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагын оролцоотой байгуулсан. Энэ зөвлөлд нийт 9 гишүүн бүртгэгдсэн. Мөн байгуулагдснаас хойш найман удаа хуралдсан зөвлөл зөвлөмж гаргасан.

Бид хамгийн сүүлд шинэ он гараад энэ сарын 9-нд хуралдаж, өргөн хэрэглээний бүтээгдэхүүн болох А 80, 92 түлшний үнэ, хангамжийг хэвээр үлдээе, мөн Евро 5, дизель түлшний үнийг хэрэглэгчдэд дарамт болохгүйгээр, үе шаттайгаар зах зээлийн горимд шилжүүлэх шийдвэр гаргасан.

Өнгөрсөн оны долдугаар сараас Зөрчлийн тухай хууль хэрэгжиж эхэлсэн. Уг хуулийн дагуу өдрийн цагаар шатах, тослох материал түгээхийг хориглосон учир түгээлт саатаж, авто бензиний эрэлт өссөн тал бий гэж  хэлэв.

Хэрэглэгчдийн хэрэглээг танах замаар ААН-үүд эрх баригчдад нөлөөлөхөөр оролдож байгаа нь буруу юм. Одоогийн байдлаар уул уурхайн компаниуд шатахууны хомсдолтой нүүр тулаагүй байна. Гэтэл энэ хэлцүүлэгт шатахуун яагаад энд хүрэлцэн ирж, оролцсонгүй вэ гэхээр тусгай зөвшөөрлөө хураалгах вий гэдгээс болгоомжилж, айж байна.

Үүний зэрэгцээ ОУВС-тай хамтарснаар манай улс нийт 3 тэрбум ам.долларын гадаад зээл авах үүдийг нээгээд байна гэж МҮХАҮТ-ийн Ерөнхийлөгч Б.Лхагважав тодотгож ярьсан юм.

Б.Баярмаа