Quotes by TradingView

РИО ТИНТОГИЙН МОНГОЛ ДАХЬ ЗАХИРЛААР Д.МӨНХТҮШИГИЙГ ТОМИЛЖЭЭ

Б.Чимэг  GoGo.mn

Оюутолгой ХХК-ийн толгой компани болох Рио Тинто групп Монголд шинэ оффис нээх шийдвэр гаргажээ. Мөн тус группийг Монголд төлөөлөн ажиллах захирлаар Д.Мөнхтүшигийг томилсон талаар цахим хуудсандаа мэдээлжээ.

Улаанбаатарт нээх оффист 80 орчим хүн ажиллах юм байна. Тэд Рио Тинто группын Монголд хийх хайгуулын ажил, технологийн төв болон бүх талын хамтрагчидтай байгуулах харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх үүрэгтэй. Д.Мөнхтүшиг Оюутолгой компанийн гүйцэтгэх захирал Армандо Торрестой нягт хамтран ажиллана.

Рио Тинто группын захирал Жан Сэбастьян Жак «Монгол бол бидний стратегийн хамгийн чухал зах зээлийн нэг. Бид цаашид ч Монголд үйл ажиллагаа явуулна. 2010 оноос хойш бид Монголд нийт 7 тэрбум ам.долларын хөрөнгө оруулсан. Үүний 1.5 тэрбум ам.долларыг татвар, рояалти болон бусад төлбөрт, үлдсэнийг нь цалин, ханган нийлүүлэлт, орон нутгийг хөгжүүлэхэд зарцуулсан. Дэлхийн томоохон зэс, алтны уурхайг байгуулахаар тус улстай хамтран ажиллаж байгаагаараа бахархдаг. Бид хамтдаа хүн бүрийн өдөр тутмын амьдралд зайлшгүй хэрэгцээт бүтээгдэхүүн болсон зэс үйлдвэрлэж байна. Монголд хөрөнгө оруулснаар бид ирээдүйн удирдлагчдыг бэлтгэдэг. Тэд үндэстэн дамнасан, олон улсын бизнесийг удирдана. Монголчуудын оюуны чадварыг экспортолж байгаа нь гол ололт» гэжээ.

Д.Мөнхтүшиг уул уурхай, эрдэс баялгийн салбарт 20 гаруй жил ажилласан туршлагатай юм байна. Тэрээр өмнө нь Нобл группийн Монгол дахь төслүүдэд ажиллаж байжээ.

Эх сурвалж:gogo.mn

× Comments are closed.
  • Hello, guest