Quotes by TradingView

Б.Оюунтөгс: Компанийн захирлуудын манлайлал хамгийн чухал. Захирал тоохгүй бол ажилтнууд тоохгүй

ОШМИ групп ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Оюунтөгстэй компанийн нийгмийн хариуцлагын манлайллын асуудлаар ярилцлаа.

-ОШМИ группээс компанийн нийгмийн хариуцлагын манлайлал үндэсний форумыг зохион байгуулсан. Нийгмийн хариуцлагын асуудал олон удаа яригдаж байгаа. Харин манлайлал гэж  онцолсон учир юу вэ?

-Компанийн нийгмийн хариуцлага гэсэн сэдэв сүүлийн үед хүчээ авч яригдаж байгаа. Олон зүйлийг хамруулдаг сэдэв. Манай компани 2014 оноос хойш жил болгон үндэсний форум зохион байгуулж байна. Өмнөх жилүүдэд зохион байгуулсан форум нь аюулгүй байдалтай холбоотой сэдэв байсан.

Энэ жилийн үндэсний форумын сэдэв нь Компанийн нийгмийн хариуцлагатай холбоотой асуудал юм. Компанийн нийгмийн хариуцлагын манлайллын асуудал нэн тэргүүнд тавигдаж байгаа. Үүнийг бий болгоход дээд удирдлага, компанийн захирлуудын манлайлал хамгийн чухал. Захирал тоохгүй бол ажилтнууд тоохгүй. Энэ асуудлаар олон улсын судалгаа хийгдсэн. Судалгаагаар дээд удирдлагын зан хандлага, манлайлалын 70 хувь нь ажилтнуудад шууд хүрч, нөлөөлдөг гэж гарсан.

Тэгэхээр компанийн дээд удирдлага нийгмийн хариуцлагад анхаарахгүй бол хэрэгжинэ гэдэгт итгэхэд хэцүү. Тиймээс  дээд удирдлагын манлайллыг тодотгож, нийгмийн хариуцлагын бүх асуудлыг хамарч, хэлэлцлээ.

Чөлөөт  зах зээлийн нийгэмд жишээ татахад, ялангуяа Монголд хэн дуртай нь компани байгуулдаг болсон. Компанийн захирал өөрөө боловсорч, хөгжөөгүй хэрнээ удирдаж, ажилтнуудын хөдөлмөрийг нь мөлжиж байна. Хамгийн наад зах нь Хөдөлмөрийн хуулиа баримтлахгүй, нийгэм, эрүүл мэндийн даатгалыг нь төлөхгүй, ажилтанг хохироож байгаа компаниуд олон. Ингэж хууль зөрчдөг компаниудын үйл ажиллагааг нийгмийн хариуцлагын манлайллын түвшинд яаж сайжруулах вэ?

-Ер нь ийм асуудал Монголд нэлээд бий. Мөн дэлхийд ч байна. Олон улсын судалгаанаас үзэхэд 2000-аад оноос  энэ асуудал нэлээд түлхүү яригдаж  эхэлсэн.  Улс орнуудад  2010-2020 онд Засгийн газрын санаачилгууд тавигдаж байна. Жишээ нь, Олон улсын байгууллагууд, Швейд, Швейцарь болон Европын бусад орнуудаас ямар санаачилга гарч байна вэ гэхээр ялангуяа хөгжиж байгаа орнуудад энэ асуудал их байна. Тиймээс тухайн орнуудын Засгийн газраас үүрэг өгч байгаа. Энэ үүрэг бол албан ёсны, заавал биелүүлэх ёстой стандарт, хууль гаргаач гэж байгаа юм.

Монгол улс  энэ асуудалд ямар боломжтой вэ гэвэл  ISO26000, ISO9001, 14001 стандарт байдаг. Үүнийг заавал хэрэгжүүлэхийг байгууллагын дээд удирдлагуудад шаардлага тавих ёстой. Энэ бол менежментийн стандарт юм. Тиймээс дээд удирдлага та байгаль орчин талд журам, бодлого гарга. Үүнийг хэрэгжүүл гэж шаардах хэрэгтэй. Иймээс  эдийн засгийн, стандартууд, хуулиуд,татварын хөнгөлөлтийн хөшүүргүүдээ ашиглаад, төрөөс  заавал зохицуулж, хяналт явагдах шаардлагатай.

-Жишээлбэл?

-Одоо Монголд хуулийн орчин нөхцөл өөр. Хятад улсын хувьд аж ахуйн нэгж үүсгэн байгуулсан бол долоо хоног бүр орон нутагт хийдэг уулзалтанд оролцож, бизнесийн үйл явцаас мэдээллэх, юу нь болж, болохгүй байгаагаа ярих ёстой гэдэг. Гэтэл Монголд ийм хяналт байхгүй учир цүнхтэй захирлууд гэж ярьдаг.  Жишээ нь, цүнхтэй захирлууд бичиг баримттаар л үйл ажиллагаа хийдэг. Эргээд үйл ажиллагаагаа тайлагнах битгий хэл, зарим ажилтнуудад мэдээ, тайлангаа өгдөггүй асуудал байсаар байгаа. Иймээс  Засгийн газар бодлого талаас, нөгөө талаас компанийн дээд удирдлагууд сайн дураараа манлайлах хэрэгтэй юм.

– Иймэрхүү зөрчил, алдаа жишээлбэл, цүнхтэй дарга нарын алдаа гадаадын ямар орнуудад байдаг вэ?

-Цүнхтэй дарга гэдэг нэр Монголын тусгай нөхцөлд байгаа. Бусад орнуудад цүнхтэй дарга гэсэн нэртэй судалгаа гараагүй. Харин хөгжиж байгаа болон хөгжингүй  орнууд гэж ангилдаг. Хөгжингүй оронд хуулийн систем нь маш хатуу байдаг. Засгийн газар нь компанидаа хандаж, хуулийг хэрэгжүүлэх аж ахуйн нэгж  та ийм зүйлийг хийсэн байх ёстой гэсэн энгийн заавруудыг тавьж өгдөг. Засгийн газар нь компани, аж ахуйн нэгжээс  эргээд мэдээлэл, тайлангаа маш сайн авдаг. Хөгжиж буй орнууд болох жишээлбэл, Энэтхэг улс шиг  хүн ам ихтэй орнуудад хүмүүсийн аюулгүй байдал зөрчигддөг. Ийм их хүн ам ихтэй орны ажил олгогчид нийгмийн хариуцлага гэж ярихаас илүү яаж өлсгөлөнгөөс гарах вэ, бизнесээ яаж хийж, ашигтай ажиллах вэ гэх мэтээ эхэлж бодож байдаг талаар олон улсын хөдөлмөрийн байгууллагын судалгаа харуулдаг.

– Сүүлийн үед  нийгмийн хариуцлага гэдэг нь хүмүүнлэгийн туслалцаа, хандивын үйл ажиллагаа явуулах асуудал биш юм гэсэн санал тавигдаж байсан. Тиймээс нийгмийн хариуцлагын манлайллын хүрээнд ямар шаардлагууд тавигдах ёстой вэ?

-Энэ форумын үеэр олон улсад нийгмийн хариуцлагын чиглэлийг тойроод олон санаачилгууд гарч байгаа. Монголд Компанийн засаглалын хөгжлийн төв, Конрад-Аденауэр-Сан хамтарч судалгаа гаргасан. Судалгааны үр дүнд Монголын компаниуд нийгмийн хариуцлагын талаархи ойлголт сул байдаг юм байна. Компанийн нийгмийн хариуцлага гэхээр хандив, тусламж гэж ихэнх нь ойлгодог. Ажилтан ч гэсэн нийгмийн хариуцлагын үүрэг хүлээж,  гүйцэтгэх ёстой гэж дүгнэсэн.

Тус хоёр байгууллага 2018 онд олон нийтийн мэдлэгтэй холбоотой төсөл хэрэгжүүлэхээр болж байна. Олон нийт бизнесийн менежментийг сайжруулах, эсвэл ажилтны эрүүл мэндийг хамгаалах төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх, байгууллагынхаа ариун цэврийн өрөө болон крантын усыг хэмнэлттэй ашиглах, даатгал, татвараа цаг тухайд нь төлөх, хуулиа хэрэгжүүлэх зэргээр нийгмийн хариуцлагаа биелүүлж болно.

Нийгмийн хариуцлагаа ямар ч төрлөөр хэрэгжүүлж болно. Хүний боломж,санхүү, цагийн боломжоос хамаарч, сонгох боломжтой.   Энэ форумд төрийн бодлого, олон улсын чиг хандлага, хувийн компаниуд хэрхэн нийгмийн хариуцлагаа биелүүлэх боломжтой талаар туршлага, нөхцөл боломжоосоо оролцогчид ярилаа. Жишээлбэл, Оюутолгой, Хаан банк, Мобиком, Терра экспресс зэрэг компаниуд өөрсдийн чиглэлийн нийгмийн хариуцлагаа ярьж, танилцуулсан.  Үүнд, зарим нь ан амьтан хамгаалах, туслан гүйцэтгэгч нарыг чадавхижуулах, зарим нь хэрэглэгчийн дата мэдээг хамгаалах, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах ажлыг хэрхэн хэрэгжүүлснээ танилцууллаа. Ингэж ажилласнаар тухайн компани зах зээлд өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх, ашиг орлогоо нэмгэдүүлэх боломжтой юм.

Б.Баярмаа