Quotes by TradingView

ҮНЭТ ЭДЛЭЛИЙН ДАРХАН БЭЛТГЭХ ОРЧИН ҮЕИЙН ТОНОГЛОЛТОЙ СУРГАЛТЫН ТӨВИЙН НЭЭЛТ БОЛЛОО

Сэтгүүлч Э.Оргил  GoGo.mn

Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл урлалын политехник коллеж Үнэт эдлэлийн мэргэжлийн дархан бэлтгэх орчин үеийн дадлагын газартай болж, сургалтын төвийнхөө нээлтийг өнөөдөр хийлээ.

Нээлтэд тус сургуулийн удирдлагууд,багш, оюутнуудаас гадна Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэд сайд С.Мөнгөнчимэг, ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ш.Дуппел, Швейцарийн Элчин сайдын яамны Хамтын ажиллагааны дэд захирал, Нэгдүгээр нарийн бичгийн дарга И.Дали, Монголбанкны Эрдэнэсийн сангийн захирал П.Эрдэнэтуяа тэргүүтэй хүндтэй зочид, төлөөлөгчид оролцлоо.

Тус сургууль болон Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн 2015 онд байгуулсан гэрээний дагуу энэ танхимыг уран дархны тоног төхөөрөмжөөр шинэчлэн тохижуулахад 500 мянган еврогийн хөрөнгө оруулалт хийжээ.

Үйлдвэрлэл урлалын политехник коллежийн захирал Б.Даваажав, Манай коллеж 52 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Өнгөрсөн хугацаанд нийтлэг үйлчилгээ, гар урлал, урлал дизайн, техник технологийн 32 төрлийн мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх чиглэлээр амжилттай ажиллаж байна. Манай сургууль Монголын түүхэн уламжлалд суурилсан Монгол дархны мэргэжлээс орчин үеийн урлагийн төрлийг хослуулсан сургалт явуулж буй мэргэжлийн боловсролын ганц сургууль юм.  Үнэт эдлэлийн дархны танхим ашиглалтад орсноор Монгол орны байгалийн үнэт баялаг эцсийн бүтээгдэхүүн болж, дотоод, гадаадын зах зээлд гарах боломж нээгдэнэ гэв.

Тус коллеж уран дархны мэргэжлээр 2.5  жилийн сургалт явуулдаг бөгөөд жилд 15 оюутан шинээр элсүүлдэг юм байна. Тус сургалтын төвийн нээлтийн үеэр 2.5 жил сурч уран дархны мэргэжил эзэмшээд, цаашид 1.5 жил үргэлжлүүлэн суралцаж, дээд боловсрол эзэмших хүсэлтэй 10 гаруй оюутанд тэтгэлгээр суралцах эрхийн бичгийг гардууллаа.

Үнэт эдлэлийн дархны ангийн багш Б.Жамаа, Үнэт эдлэлийн дархан хүн өөрийн гэсэн тусгай ширээ, багажтай, хэрэгсэлтэй байдаг. Манай сургалтын төв стандарт ширээ, сайн чанарын багаж, тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон. Энэ багажуудаа ашиглаад ээмэг, бөгж зэрэг гоёл чимэглэлийн зүйлсээс эхлээд хэт, хутга, аяга зэрэг хэрэглээний бүхий л зүйлсийг урлана.

-Танайх энэ сургалтыг хэзээнээс явуулж байна вэ? 
-1999 оноос үнэт эдлэлийн дархны мэргэжлийн сургалт явуулж байна.

Эх сурвалж:gogo.mn