Quotes by TradingView

НОМИН-ЭРДЭНЭ: НАДАД БЭЛХҮҮСНИЙ БҮЖИГ ЗААСАН БАГШ YOUTUBE ЮМ

Өсвөрийн сэтгүүлч Б.Намуун | YOLO.MN 

Belly dance буюу бэлхүүсний бүжгийн төрөл Монголд хөгжсөөр багагүй хугацаа өнгөрчээ. Уг бүжгийг сонирхон хичээллэдэг охид бүсгүйчүүд олон бий. Харин энэ удаа бэлхүүсний бүжгийг гэртээ бичлэг үзэж, өөрөө сурсан авьяаслаг нэгэн охины ярилцлагыг хүргэж байна. Интернет технологи хөгжсөн өнөөгийн нийгэмд Youtube гэдэг зүйл олон залууст багшийн үүргийг орлож байгааг энд дурдах нь илүүц биз ээ.

YOLO: Сайн байна уу? Юуны өмнө уншигчдад маань өөрийгөө танилцуулаач
– Сайн байцгаана уу? Намайг Г.Номин-Эрдэнэ гэдэг. Одоо 17 настай. Хүрээ дээд сургуульд барилгын архитектур мэргэжлээр суралцдаг. Нэгдүгээр дамжааны оюутан. Belly Dance буюу бэлхүүсний бүжгээр хичээллээд ойролцоогоор хоёр жил орчим болж байна.

YOLO: Ямар нэгэн бүжгийн клубд явдаг уу? Belly dance-г анх хэрхэн сурч байсан бэ?
– Би бүжгийн клубд огт явж байгаагүй. Belly Dance-г анх Авьяаслаг Монголчууд шоунд Э.Алтаншагай гэх охиныг бүжиглэхийг хараад дүүтэйгээ сахилгагүйтээд бүжиглэж үзсэн юм. Тэгсэн тухайн үед бас ч гэж гайгүй бүжиглээд байсан /инээв/. Дүү маань dТа гоё бүжиглэж байна. Ер нь бүжиглэж сурвал яасан юм бэ?d1 гэж хэлсэн. Ингээд гэртээ бичлэг үзээд дагаж бүжиглэсээр байгаад сурсан.

YOLO: Энэ бүжгээр хичээллэж эхлэхэд ямар нэгэн саад бэрхшээл тулгарсан уу?
– Гэрийнхэн маань гараад явангуут шууд л хөгжмөө тавиад бүжиглэдэг байсан. Анх гэр бүлийнхэн маань их эсэргүүцэж байсан. Иймээс өөрөө маш их дуртай учраас нууцаар бүжиглэсээр байгаад сурчихсан.

YOLO: Одоо гэр бүлийнхэн нь хүлээн зөвшөөрдөг үү?
– Манай ээж намайг бүжиглээд хоёр жил болж байхад эсэргүүцэхээс өөр зүйл хийдэггүй байсан. Бүжиглэхийг маань нэг ч харж байгаагүй. Тэгээд сая шинэ жилээр бүжиглэхийг маань анх харсан. Тэр үед ээж маань dМиний охин чинь гоё бүжиглэдэг юм байна шүү дээ. Дэмжиж байнаd1 гэж хэлсэн. Тэрнээс хойш их дэмжиж, хувцсаа хийхэд маань хүртэл тусладаг.

YOLO: Бүжгийн хувцаснуудаа өөрөө хийдэг юм уу?
– Тэгэлгүй яахав. Бүжгийн хувцас түрээслэхэд их үнэтэй байдаг. Нэг хувцсыг 20000₮-өөр түрээслэж байснаас тэр мөнгөөрөө материалаа аваад өөрөө оёод өмсчихөж болно. Өдөр тутмын хувцсаа ч мөн өөрөө хийж өмсдөг.

Дүү маань “Та гоё бүжиглэж байна. Ер нь бүжиглэж сурвал яасан юм бэ?” гэж хэлсэн. Ингээд гэртээ бичлэг үзээд дагаж бүжиглэсээр байгаад сурсан.

Г.Номин-Эрдэнэ

 

YOLO: Бэлхүүсний бүжгийн бусад бүжгээс ялгарах гол онцлог давуу тал юу вэ?
– Хамгийн гол онцлог нь бэлхүүсний бүжиг бол хамгийн аюулгүй бүжиг. Мөн нурууны үе, болон түнхний, хөл, гарын өвчтэй хүмүүст ач тустай юм.

YOLO: Энэ бүжгээр хичээллэхэд насны хязгаар гэж бий юу?

– Насны хязгаар гэж байхгүй. Бага насны хүүхдүүдээс 70, 80 настай хөгшин хүмүүс ч бүжиглэж болно.

YOLO: Бэлхүүсний бүжгийг би анх энэтхэг бүжиг гэж ойлгодог байсан. Гэтэл Араб бүжиг юм билээ. Энэтхэг бүжиг, бэлхүүсний бүжиг хоёрын ялгаатай талыг тайлбарлаач?
– Бэлхүүсний бүжгийг Араб болон Египед гэж хоёр ангилдаг. Энэтхэг бүжиг нь тан тан хийсэн огцом ширүүн хөдөлгөөнтэй. Харин бэлхүүсний бүжиг нь эмэгтэй хүний уян налархай хөдөлгөөн, эвсэг зөөлөн байдал, дотоод гадаад сэтгэлийн уян хатан чанарыг харуулж өгдөг бүжиг. МЭӨ 1000-аад оноос үүссэн гэж яригддаг маш эртний бүжиг.

YOLO: Хараад байхад бэлхүүсний бүжгээр илүүдэл жинтэй хүмүүс ч гэсэн их хичээллэдэг юм билээ. Илүүдэл жин нь бүжиглэхэд ямар нэгэн саад учруулдаггүй юу?
– Үгүй. Харин ч турах сонирхолтой охид бүсгүйчүүд бүжиглэвэл маш үр дүнтэй. Долоон хоногт 5-10 кг хаях ч юм уу ер нь өөрийнх нь бие физилиогоос хамаарч их турдаг. Байнгын хөдөлгөөнтэй байдаг учраас хөлс ихээр ялгарч жин хаягддаг.

YOLO: Бэлхүүсний бүжгийг харахад бэлхүүсээрээ хөдлөөд байгаа мэт боловч үнэндээ хөл гол үүргийг нь гүйцэтгэдэг юм билээ. Энэ талаа мэдээлэл өгөөч.
– Тааз цээж хоёр ихэвчлэн хөдөлдөг. Хөлөө чангалаад солбиж хөдөлгөснөөр тааз хөдөлдөг. Таазаа удаан сэгсрэхээр хөл их ядардаг. Хөлний булчин шаарддаг гэж хэлж болох юм.

YOLO: Хамгийн их үлгэр дуурайлал авдаг хүн?
– Мэдээж 2014 оны Бэлхүүсний бүжгийн Дэлхийн аварга Н.Баярмаа багш маань. Би Н.Баярмаа багшаараа нэг удаа бүжиг дэглүүлж байсан. Багшийнхаа эрч хүчтэй, уян налархай хөдөлгөөнүүдийг би биширдэг.

YOLO: Бүжгээр хичээллэдэг хэрнээ яагаад барилгын архитектур гэх мэргэжлийг сонгосон юм бол?
– Манай гэр бүлийнхэн урлагийн хүн болохыг маань зөвшөөрдөггүй байсан. Уг нь СУИС-ийн зураачийн ангид орно гэж боддог байсан юм. Өөрөө ч урлагт их хайртай. Шүлэг бичдэг, зурдаг, бүжиглэдэг гээд л. Гэвч математиктаа сайн, зурдаг байсан учраас барилгын архитектур мэргэжлийг сонгосон.

YOLO: Зурдаг гэлээ шүү дээ. Зураач болоогүй ч гэсэн одоо хөрөг зураг ч юм уу уран зургаа зурдаг уу?
– Тиймээ, чөлөөт цагаараа байнга зурдаг. Цаасан дээр эсвэл энгийн өдөр тутмын хувцсан дээр зурдаг. Цагаан сараар дээлэн дээр бас урин дулаан цаг ирэхээр автомашин дээр зурах төлөвлөгөөтэй байгаа.

YOLO: Уншигчдад маань зориулан урмын сайхан үг хэлээд өнөөдрийн ярилцлагаа өндөрлье
– Өөртөө итгэлтэй байгаарай. Би өмнө нь өөртөө итгэлгүй байсан. Бодож санадаг зүйлсээ дотроо их нуудаг, хүмүүс юу гэж бодох бол хэмээн бусдад захирагдаж явдаг байсан. Харин өөртөө итгэлтэй болсноор миний амьдралд олон зүйл өөрчлөгдсөн. Иймээс хүсэл зорилгодоо үнэнч байгаарай.

YOLO: Ярилцсанд баярлалаа. Амжилт хүсье. 
– Баярлалаа

Эх сурвалж:Yolo.mn
  • Hello, guest