Quotes by TradingView

30 гаруй хүүхдийг үнэ төлбөргүй эмчлүүлсэн ачтай Солонгосын иргэнийг Алтан гадсаар шагналаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн Ку Бён Согийг Монгол Улсын Төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор өнөөдөр шагнав.

Монгол Улсын Төрийн дээд шагнал Алтан гадас одонг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Г.Байгалмаа Ку Бён Согт гардуулан өгч, Ерөнхийлөгчийн зарлигийг уншиж сонсголоо.

Ерөнхийлөгчийн зарлигт Монгол Улс Бүгд Найрамдах Солонгос Улсын хүмүүнлэгийн хамтын ажиллагаа, эрүүл мэндийн салбарт оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлж, Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн, Нээлттэй эмч нарын нийгэмлэгийн Ерөнхийлөгч Ку Бён Согийг Монгол Улсын Төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор шагнасугай гэж тодотгожээ.

Солонгосын иргэн Ку Бён Сог нь 1997 онд Монгол Улсад анх удаа ирж, ажиллаж эхэлсэн үеэсээ Монголын хүн амын дунд өвчлөл өндөр байгааг судалж, хүмүүнлэгийн ажлыг санаачлан эхлүүлсэн.

Тэрээр Монголд ийнхүү ажиллахын зэрэгцээ БНСУ-ын Нээлттэй эмч нарын нийгэмлэгийн Ерөнхийлөгчөөр, мөн Монголын Улаан загалмай нийгэмлэгтэй 20 жил хамтран ажиллаж буй туршлагатай ажээ.

Тус нийгэмлэг нь манай улсын 21 аймаг, нийслэлийн дүүргүүдийн эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдтэй хамтран ажилладаг байна.

Энэхүү үйл ажиллаганыхаа хүрээнд нэн ядуу, амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой, эмзэг бүлгийн иргэдийг БНСУ-ын эрүүл мэндийн нарийн мэргэжлийн эмч нарын үзлэгт үнэ төлбөргүй хамруулж, зөвлөгөө өгөх ажлыг зохион байгуулжээ.

Үүний зэрэгцээ Эрүүл мэндийн чиглэлээр хүмүүнлэгийн ажлыг Дорнод, Хэнтий, Өмнөговь, Өвөрхангай, Дундговь, Хөвсгөл, Архангай, Завхан, Дорноговь,Сэлэнгэ аймгийн Алтанбулаг, Зуунбүрэн сумд, Налайх дүүрэг, Баянзүрх дүүрэгт  зохион явуулахдаа 30 гаруй хүүхдийг БНСУ-д үнэ төлбөргүй хагалгаанд оруулж амьдрал бэлэглэсэн ачтай юм.

Мөн 54000 гаруй хүнийг эрүүл мэндийн эмчилгээ, оношилгоонд хамруулжээ. Түүний хийсэн буянт хүмүүнлэгийн ажил нь олон мянган монголчуудыг баярлуулж, үр дүнгээ өгчээ.

Б.Баярмаа

  • Hello, guest