Quotes by TradingView

МОНГОЛЫН ЗЭС КОРПОРАЦИ ЗАСГИЙН ГАЗАР ХУУЛЬ ЗӨРЧИЖ 49 ХУВИЙГ АВАХ ШИЙДВЭР ГАРГАЛАА

А.Мишээл  GoGo.mn

“Эрдэнэт”-ийн 49 хувийн хувьцааг төрийн өмчид авахаар болсон Засгийн газрын шийдвэрийг хууль бус хэмээн “Монголын зэс” корпораци үзэж хэвлэлийн хурал хийлээ.

“Манай компанийн зүгээс Засгийн газартай өмнө нь уулзаж байсан ч өчигдрийг хүртэл  хэлцэл дуусаагүй гэж бодож явсан. Гэтэл энэ нь бидний хувьд гэнэтийн шийдвэр байлаа. Засгийн газрын шийдвэр олон улсын гэрээ хэлцэл төдийгүй дотоодын хууль журмыг зөрчлөө” “Монголын зэс” корпорацийн ТУЗ-ийн дарга М.Мөнхбаатар хэллээ.

М.Мөнхбаатар: ОЛОН УЛСЫН ШҮҮХЭД ХАНДАНА

Тэрбээр:

“Засгийн газар Дээд шүүхийн шийдвэрийг давж, үгүйсгэж байгаад харамсаж байна. Засгийн газрын зарим гишүүдийн үзэж байгаагаар биднийг буруу мөнгөөр авсан гэж бодож байгаа бол шүүхэд хандах эрх нь бий. Бид бүхэн Монгол Улс болон олон улсын хууль тогтоомжийн дагуу худалдан авалтыг хийсэн” гэлээ.

Нэр бүхий иргэд өнгөрсөн 2017 оны хавар Үндсэн хуулийн цэцэд хандсан байсан. Гэтэл энэ маргаан явж байхад Засгийн газар хоёр ч удаа “Эрдэнэт” үйлдвэрийн асуудлаар шийдвэр гаргаж байгаад гайхаж байна. Үндсэн хууль болон бусад хууль тогтоомж дээр Засгийн газар нь хууль дээдлэх түүнийг хэрэгжүүлэх үүрэгтэй байдаг. Гэтэл Дээд шүүхийн шийдвэрийг биелүүлсэнгүй. Бид Засгийн газарт шүүхийн шийдвэрийг биелүүлэх хүсэлт тавьсаар ирсэн.

Хамгийн сүүлийн хүсэлтээ 12-р сарын 27-нд гаргасан. Гэтэл ажлын хамгийн сүүлийн өдөр буюу 28-ны өдөр Засгийн газар биелүүлсэн. Он гарсны дараа ТУЗ хуралдаж үйлдвэрийн өмнө тулгамдаад байсан чухал асуудлыг бид шийдвэрлэсэн. Гэтэл Шүүхийн шийдвэрийг Засгийн газрын тогтоолоор хүчингүй болголоо” гэлээ.

Засгийн газрын шийдвэртэй холбоотойгоор тус компаниас олон улсын болон дотоодын шүүхэд хандах болно гэлээ. Энэ худалдан авалтад төрийн нэг ч төгрөг байхгүй гэдгийг тэмдэглэн хэллээ.

Өмгөөлөгч н.Батбаяр:

“Үүсээд байгаа асуудлыг хууль зүйн талаас авч үзвэл 51 хувийг эзэмшдэг төр, 49 хувийг эзэмшдэг хуулийн этгээд хоорондын цэвэр бизнесийн эрх зүйн маргаантай асуудал юм. Энэ асуудалд төр хувийн хэвшил бүгд хуулийн өмнө  эрх тэгш харилцан тохиролцож хандах ёстой.

Төр болон хуулийн этгээдийн хооронд ямар нэгэн хэлцэл хийгдээгүй. Нэг талаас хүч түрэн асуудлыг шийдсэнээр хувийн компанийн эрхийг ноцтой зөрчсөн, бүдүүлэг шийдвэр гэж үзэж байна. Тийм учраас иргэний хууль, компанийн хуульд заасны дагуу эрх ашгаа хамгаалах болно” гэлээ.

“Монголын зэс” корпорацийн Гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин:

“49 хувийн хувьцаатай маргаан он дамнаж байна. Засгийн газраас манай компанитай хэлцэл огт хийгээгүй. Улс төрчдийн амлалтаа биелүүлэх зорилгоор хийж байгаа Эрдэнэт үйлдвэрийн асуудал ард түмэнд хор хохиролтой.” гэв.

Эх сурвалж:gogo.mn

  • Hello, guest