Quotes by TradingView

Б.ОРХОНТУУЛ: АВЬЯАС ЧАДВАР ЗАЯАГДМАЛ ЗҮЙЛ ГЭДЭГТ БИ ИТГЭДЭГ

Neocha.com гэх гадаадын онлайн сэтгүүл дээр энэ оны арваннэгдүгээр сарын 20-нд нийтлэгдсэн, уран зураач Б.Орхонтуултай хийсэн “In The Studio with Orkhontuul” гэх ярилцлагыг бид бүрэн эхээр нь та бүхэндээ орчуулан хүргэж байна.

Б.Орхонтуул бол Монголын уран зургийн салбарт өөрийн сюрреалист бүтээлүүдээрээ ихээхэн анхаарал татаж буй уран бүтээлч юм. 2014 онд Монголын Уран зургийн галерейн сан хөмрөгт өөрийн dТөрхd1 бүтээлээ багтааж чадсан тэрбээр Монголын урлагийн салбарт нэгэн шинэ давалгаа болон гарч ирсэн билээ. Түүний хэв маяг ихээхэн шинэлэг бөгөөд морь, чоно, эртний дайчид зэрэг дүрслэлээр баялаг Монголын уламжлалт урлагийн хэв маягаас тэс өөр юм. Б.Орхонтуул энэ бүхний оронд хөрөг зургийг илүүд үздэг бөгөөд бүтээлүүд ихэнхдээ өөрийгөө эсвэл өөртөө түшиглэсэн амьдрал, дотнын хүмүүс дээрээ үндэслэдэг байна.

Тэрбээр уран бүтээлдээ орчин үеийн Монголчуудын амьдралд тулгамдсан асуудлуудыг тусгаж өгдөг байна. Үүнд нь үндэстний нэр хүндийн асуудал, хүмүүсийн өнгөрсөн үеийн гайхамшигт эргэн дурсахуй, нийгмийн олон асуудлууд гэх мэт олон асуудал хөндөгдөнө. Түүний энэхүү dүл тохирохуйd1 хэв маяг нь Б.Орхонтуулыг жинхэнэ аутентик Монгол уран бүтээлч болгон харуулсан юм.

Түүний урлан руу хийсэн аялал биднийг Улаанбаатар хотын захад байрлах шинэхэн баригдсан орон сууцны цогцолборын нэгэн доод давхрын байгууламжид авчирсан юм. Түүний урлан бүдэг үзэгдэхүй, том орон зай давамгайлсан хоёр өрөөнд хуваагдана. Нэг өрөө нь мөн адил уран бүтээлээ туурвидаг Э.Лхагвадоржийнх аж. Төлбөрийн хувьд боломжийн байсан учир энэ газрыг сонгох гол шалтгаан болсон гэж тэрбээр бидэнд хэлсэн билээ. Хоёр уран бүтээлч хамтдаа өөрсдийн бүтээлээр төлбөрөө төлөх тохиролцоо хийжээ. Хоёр дахь шалтгаан нь уг урлангийн алслагдмал байдал. Б.Орхонтуулын хувьд урлан дээрээ очиход цаг гарангийн хугацаа зарцуулдаг ч түүний хувьд тун зоримог шийдвэр байсан. Учир нь тэр олон зочинд дарагдан анхаарлаа сарниулахгүйгээр ажилдаа төвлөрөхийг хүсдэг. Гэвч түүний өөрийн бүтээлтэйгээ ганцаар үлдэх хүслийг үл харгалзан бид Монголд уран бүтээлчдийн хувьд тулгамдаж байгаа асуудлуудын тухай түүнтэй урт яриа өрнүүлэв.

-Та урлагийг сонгов уу эсвэл урлаг таныг сонгов уу?

-Би уран бүтээлч байхыг хүмүүс ямар нэгэн мэргэжил сонгодог мэтээр сонгоогүй. Зарим хүмүүс өөрсдийн мэргэжлийг сонгож болдог. Гэхдээ зураач, хөгжимчид, дуучид, зохиолч гэх мэт урлагийн хүмүүс өөрсдийн авьяасаа анх сонгодоггүй шиг үүнийг сонгох боломжгүй юм. Би авьяас чадварыг бидний хүслээс ангид заяагдмал зүйл гэдэгт итгэдэг. Манай гэр бүлийнхний зүгээс уран зургийн ажилд минь таагүй хандлага гаргадаггүй болохоор би өөрийгөө азтайд тооцдог. Аав минь хөгжмийн зохиолч хүн. Урлагийн хүн учраас намайг энэ замаар явахад минь их тусалсан гэж боддог. Бас гэр бүлийнхэн минь мөлхөж сурахаасаа ч өмнө зурж эхэлсэн хүүхдийг зогсоох аргагүй байсан биз.

-Таны бүтээлүүд орчин цагийн Монголын асуудлуудыг хөндөн харуулжээ. Яагаад энэ асуудлууд танд тийм чухал байна вэ?

-Монгол улсад амьдарч буй бүх хүн л өнөөгийн асуудлууд, нөхцөл байдал дээр өөрсдийн гэсэн үзэл бодол, мэдрэмжтэй байгаа гэж бодож байна. Гэхдээ уран бүтээлч хүнийхээ хувьд би үүнийг дүр дүрслэлд оруулан харж, түүнийгээ илэрхийлдэг. Жишээ нь сэтгүүлчид өнөөгийн асуудлыг өөрсдийн бичвэрээрээ дамжуулан хүргэдэг бол над шиг хүний хувьд үүнийг үгээр илэрхийлж чадахгүй. Миний уран бүтээл бол өнөөгийн нийгмээс миний харж, ойлгож буй бас шударга бус гэж ойлгон мэдэрч буй зүйлс. Эдгээр зүйлс нь надад зургаар дамжин өгүүлэгддэг. Би өөрийн бүтээлээ зар сурталчилгаа болгон ашиглахыг хүсдэггүй. Би зүгээр л харж, мэдэрч байгаа зүйлээ зурж байна. Гэхдээ зөвхөн нийгмийн талбар дээрх зүйлсийг шууд зураад байдаггүй.

-Та янз бүрийн уран бүтээлийн шинэ санааг идэвхтэйгээр хайдаг уу эсвэл тэр санаанууд танд зурвасхийн орж ирдэг үү?

-Янз янз байдаг. Заримдаа уран бүтээлийн шинэлэг санаа зүгээр л гудамжаар алхаж явахад төрдөг. Миний сонсож эсвэл харж байсан бүхнээс л шалтгаалан надад төрдөг гэсэн үг. Уран бүтээлчид маш дайчин бас шинийг эрэлхийлэгч хүсэл тэмүүлэлтэй байх хэрэгтэй гэж би боддог. Оюутан цагаасаа хойш би өөрийг минь хөглөж болох бүхнийг байнга эрэлхийлдэг байсан бөгөөд үүний ачаар маш их зүйл сурч, намайг дахин уран бүтээлийн шинэ санаагаар хөглөх дараачийн шинэлэг зүйлийг олж хардаг. Хэрэв аливаа нэг зүйл миний хийж бүтээх хүслийг төрүүлбэл би заавал түүгээрээ нэг зүйл бүтээхийг эрмэлздэг.

-Монголын ихэнх уран бүтээлүүд морь, чоно, үзэсгэлэнтэй эмэгтэй гэх мэт нийтлэг сэдвийн дагуу бүтээгддэг. Эдгээр зүйлийн Монголын урлагт байр, утга учрын тухай таны бодол юу вэ?

-Эдгээр зургуудын зарим нь урлагийн бүтээл гэхээсээ илүү өөр зорилготой гэж би боддог. Зарим уран бүтээлчид эдгээр дүрслэлийг хүссэндээ биш харин амьдрахын тулд зурдаг. Ийм зорилгоор бүтсэн зургууд миний хувьд урлагт тооцогдомгүй санагддаг. Би хувьдаа хэзээ ч мөнгөний төлөө чоно зурахгүй. Би бүтээлдээ чоноор төлөөлүүлэн ямар нэгэн зүйлийг илэрхийлэхийг хүсэж байвал оруулж болох ч заавал оруулах учиртай гэж бодож хэзээ ч зурахгүй.

-Бидэнд dЭхd1 зургийнхаа тухай ярьж өгнө үү? Таны бусад уран бүтээлээс нэлээн ялгаатайгаас гадна их гүн өгүүлэмжтэй санагдсан.

-Энэ зургийг би өөрийн уулзаж байсан бодит хүнээс сэдэвлэн бүтээсэн юм. Надад зурах эсвэл аялахаас өөрөөр олон төрлийн хобби, сонирхол байдаггүй. Би аялах маш их дуртай. Заримдаа зүгээр л хөдөө нутагт аялаад яваад өгмөөр санагддаг үе байсан. Нэг удаа би галт тэргэнд явж байхдаа лонхтой архи барин, dБүгдээрээ ууцгааяd1 хэмээн чангаар хэлж байсан нэгэн настай эмэгтэйтэй дайралдсан юм. Тэр Хятад руу явж хямдхан бараа оруулж ирэн борлуулдаг бүсгүйчүүдийн нэг байсан юм. Магадгүй түүний хүнд хэцүү ажил, стрессээс болоод ч юм уу тэр эмэгтэй гэхээсээ илүү эрэгтэй хүн шиг харагдаж байв. Түүний бүх баяр баясгалан хаашаа ч юм замхраад одсон юм шиг. Тэр надад гэр бүлээ тэтгэхийн тулд үүнийг хийдгээ хэлсэн. Энэ зургийг дөрвөн хөхтэйгөөр зурсны учир нь энэ түүний дөрвөн хүүхдийг илтгэж байгаа юм. Түүний царайг халхалсан нь эмэгтэйлэг шинжийг гээж буйг, тагтаанууд нь өлсгөлөн хүүхдүүдээ хэрхэн тэжээх тухай стресстэй бодлууд. Дутуу байгаа эвлүүлдэг тоглоомын хэсгүүд түүний амьдралдаа алдсан зүйлсийг буюу нөхөр, хайрыг илтгэнэ. Түүнийг эр бэлэг эрхтэнтэйгээр дүрсэлсэн нь амьдрахын төлөө эр хүний үүрэх ачааг үүрч явааг харуулна. Гэхдээ түүнийг хүрээлж буй олон гар түүнийг одоо ч дагина хэвээр юм гэдгийг илтгэнэ. Би үүнийг л дүрслэхийг оролдсон ч хүмүүс магадгүй өөр өөр өнцгөөс харж байгаа байх.

-Таны уран бүтээлийн санаагаа хэрхэн хүргэж, илэрхийлэхийг хүсэж байгаад маш их бодол, мэдрэмж шингэжээ. Та нэг уран зургийг дуусгахад дунджаар хэр хугацаа зарцуулдаг вэ?

-Би яг тэг хэлж чадахгүй юм. Би ихэвчлэн зургаа эхлүүлээд, больж, хэсэг хугацааны дараа эргэн зурж эхэлдэг. Ямар нэг бүтээл дээр ажиллахдаа энэ тухай тийм их бодоод байдаггүй л дээ. Заримдаа зарим бүтээлийг дуусгахад жилээс ч удаан хугацаа зарцуулагдаж болно. Гэвч би өөрийн бийрийг цаасан дээр аваачин зурж эхлэх үед бодит хугацаа сараас ихгүй болдог. Би хэрэв зурах онгод байхгүй байхад өөрийгөө хүчлэн зурвал өөртөө уур хүрч, өөрийгөө үзэн ядахад хүрдэг төрлийн хүмүүсийн нэг. Хэрэв зураач зогсолтгүй зурсаар л байвал магадгүй яг тийм зуу гаран бүтээл туурвих байх. Гэхдээ маш их хугацаа авдаг нь учиртай. Магадгүй тэд ямар нэгэн алдаа гаргаж эсвэл зурах мэдрэмж төрөхгүй гацаж, нэг бол төсөөлж байсан шиг нь болохгүй байж болно. Заримдаа зүгээр л шууд болихыг хүсэж болно.

-Та бусад хүмүүсийн хүнд хэцүү нөхцөл байдлыг их сэтгэл хөдлөлтэйгөөр хүлээн авдаг нэгэн бололтой. Гэхдээ таны өөрийн чинь хувьд Монголд уран бүтээлчээр ажиллаж байхад тулгардаг асуудал юу байна вэ?

-Мөнгө олж, амьдралаа залгуулахын тулд зарим нэг өөр газраас даалгасан ажлыг хийх хэрэгтэй болдог. Зөвхөн өөрийн уран бүтээл дээр дагнан ажиллаж, түүгээрээ амьдрах нь бараг боломжгүй. Гэхдээ миний хувьд би тэдгээр янз бүрийн ажлууд дээр ажиллахдаа түүнийг өөрийн хүссэн зүйлийг зурахын тулд хийж буй алхам гэж хардаг.

Эх сурвалж: neocha.com

  • Hello, guest