Quotes by TradingView

“Victoria’s Secret 2017” загварын шоу Шанхай хотод амжилттай болж өнгөрлөө

БНХАУ-ын Шанхай хотод 2017 оны *Victoria’s Secret*-ийн шоу өчигдөр амжилттай болж өндөрлөлөө. Дэлхийн хэдэн арван сая үзэгчдийн тэсэн ядан хүлээдэг уг шоунд олон сонирхолтой дуучид ая дуугаа өргөж, шинэлэг үйл явдлууд болж өнгөрсөн юм.  Жил болгоны шоун дээр үзэгчдийг гайхшруулсан ямар нэгэн өвөрмөц гэнэтийн бэлэг байдаг. Харин энэ жилийн гол онцлог нь шинэхэн сахиусан тэнгэр болох Бэлла Хадид (Bella Hadid) албан ёсоор далавчаа хүлээн авсан явдал юм. Ингээд энэ оны *Victoria’s Secret* загварын шоуны үеэрх болсон хамгийн сонирхолтой зүйлсийг хамтдаа харцгаая.

“Victoria’s Secret 2017” загварын шоу Шанхай хотод амжилттай болж өнгөрлөө

*Victoria’s Secret* бол загварын ертөнцийн хамгийн чадварлаг, хамгийн дур булаам моделиудыг шалгаруулан авдаг, чансаа өндөртэй компани бөгөөд эдгээр моделиуд ч дэлхий дахинаа *сахиусан тэнгэрүүд* хэмээн аль хэдийн хүлээн зөвшөөрөгдсөн билээ.

Эмэгтэйчүүдийн дотуур хувцас үйлдвэрлэгч дэлхийн номер нэг энэхүү компанийг анх Гай Раймонд, Рой Раймонд (Gaye Raymond, Roy Raymond) нар 1977 онд АНУ-ын Сан-Франциско хотод үүсгэн байгуулж байсан түүхтэй. Харин өдгөө төв оффис нь АНУ-ын Охаой мужид байрладаг бөгөөд тэд ашиг орлогоороо тэргүүлсээр байгаа юм.

Шанхай хотод болсон *Victoria’s Secret 2017* шоунд 17 орны 55 загвар өмсөгчид оролцсон байна.

Түүгээр ч зогсохгүй жил бүр уламжлал болгон *Victoria’s Secret* дотуур хувцасны шоуг амжилттай зохион байгуулсаар байна.

Энэ жилийн шоуны хувьд онцлох моделиор өдгөө 21 настай Белла Хадид (Bella Hadid) нэрлэгдээд байна. Бид бүхэн түүнийг алдарт модель Жижи Хадид (Gigi Hadid)-ийн дүү гэдгээр нь сайн мэдэх билээ.

Тэрээр энэ жил албан ёсоор сахиусан тэнгэр болж байгаа бөгөөд анхныхаа далавчийг хүндэтгэлтэйгээр зүүсэн аж. Харамсалтай нь түүний эгч Жижи Хадед болон хэсэг моделиуд БНХАУ-д визаны асуудалтай байсан тул, энэ жилийн шоунд оролцож чадаагүй юм.

Модель бүсгүй мэдээж маш аз жаргалтай байсан бөгөөд түүнийг гараа өргөн бүжихэд хөхнийх нь товч гэрэлтсэнийг зурагчид хэдийн камертаа буулгаад амжжээ.

Тэрээр алдарт *Vogue* сэтгүүлд өгсөн ярилцлагадаа *Би энэ жил маш олон загварын шоунд оролцлоо. Гэхдээ энэ тайз миний хувьд хамгийн шилдэг нь байлаа. Ялангуяа миний өмссөн хувцас, тайз, арын алба гээд энэ бүхэн төгс байсан. Би шоунаас л маш их эрч хүчийг авдаг* хэмээсэн юм.

Шоуны дараагийн онцлох үйл явдал бол БНХАУ-ын алдартай модель Мин Ши (Ming XI) шоуны үеэр тайзан дээр хальтарч унасан явдал байлаа.

Түүний хувьд өдгөө 28 настай бөгөөд энэ жилийн загварын шоу нь модель бүсгүйн төрсөн нутагт болж буйгаараа онцлогтой. Мин Шигийн хувьд 2013 оноос хойш *Victoria’s Secret* агентлагт харъяалагдан ажиллах болсон бөгөөд түүнээс хойш өнөөдрийг хүртэл тайзан дээр алдаа гаргаж байгаагүй юм.

Агентлагийн зүгээс шоун дээр болсон зүйлд ямар нэгэн тайлбар хийгээгүй бөгөөд модель бүсгүй өөрийн цахим хуудсаар дамжуулан үзэгчдээс уучлал хүсчээ..

Энэ удаагийн шоунд Шинэ Зеландын модел Жоржиа Фаулер (Georgia Fowler)-ийн хуучин найз залуу, *One Direction* хамтлагийн гишүүн Харри Стайл (Harry Styles) болон бусад хамтлаг дуучид ая дуугаа өргөсөн аж.

Харри Стайлсийн хувьд өдгөө 23 настай бөгөөд анх хамтлагаараа Английн алдарт дууны тэмцээн болох *X Factor* шоунд амжилттай оролцож алдрын замналаа эхлүүлсэн байдаг. Тэрээр 2016 оноос хойш хувийн уран бүтээлээ хийж эхэлсэн бөгөөд тус шоунд өөрийн соло уран бүтээлийг сонордуулжээ.

Дашрамд сонирхуулахад дуучин залуу *Victoria’s Secret*-ийн модель, өдгөө 26 настай Сара Сампио (Sara Sampio), 23 настай Надин Леопольд (Nadine Leopold) нартай ч мөн болзож байсан гэнэ шүү.

Тус шоунд Харри Стайлсаас гадна Английн алдарт дуучин, хөгжимчин Мигель (Miguel), Тони авардсын шагналт дуучин бага Лесли Одом (Leslie Odom Jr.), БНХАУ-ын дуучин, ая зохиогч Жейн Чжан (Jane Zhang) нар дуулсан аж.

Энэ жил Бразиль гаралтай сахиусан тэнгэр Алессандра Амбросио (Alessandra Ambrosio)-гийн хувьд шоуны сүүлчийн жил бөгөөд тэрбээр 16 жил тасралтгүй тайзнаа алхжээ.

Модель бүсгүй, 1981 оны дөрөвдүгээр сарын 11-нд Бразилийн *Rio Grande do Sul*-д мэндэлсэн юм. Тэрээр нутаг нэгт Адриана Лиматай хамт дэлхийн супер моделиудын жагсаалтыг тэргvvлсээр ирсэн төдийгүй хамгийн их ашиг орлогтой моделийн тоонд зүй ёсоор бичигддэг билээ.

Шоуны бас нэг сонирхолтой, нэр хүндтэй арга хэмжээ бол яах аргагүй *Fantasy Bra*-г танилцуулах хэсэг байдаг. Тэгвэл энэ жилийн сахиусан тэнгэрүүдээс уг нэр хүндтэй үүргийг Бразил улсаас гаралтай *Victoria’s Secret*-ийн албан ёсны сахиусан тэнгэр Лаис Рибейро (Lais Ribeiro) гүйцэтгэлээ.

Энэ үдэш тэрбээр алт, индранил болон очир эрдэнээр чимэглэсэн 2 сая долларын үнэтэй хөхний даруулгатай тайзнаа алхсан юм.

Лаисын хувьд 1990 оны тавдугаар сард төрсөн бөгөөд нэг хүүтэй аж. Өмнө нь олон улсын тавцанд гарч *Shiatzy Chen*, *Chanel*, *Louis Vuitton*, *Gucci*, *Dolce & Gabbana*, *Versace*, болон *Marc Jacobs*-ийн дизайнеруудын хувцсыг өмсч байсан өсөх ирээдүйтэй залуу модель билээ.

Мөн 2010 оноос хойш өнөөдрийг хүртэл, *Victoria’s Secret*-ийн шоунд өнгө нэмж алхсан үзэсгэлэнт бүсгүй юм.

*Victoria’s Secret 2017* шоуны бас нэгэн онцлох хүн бол Бразилийн алдарт, сэтгэл татам сахиусан тэнгэр болох Адриана Лима (Adriana Lima) юм.

Адриана сургуульд байхдаа найзуудынхаа хамтаар загварын дугуйланд бүртгүүлсэн нь өнөөдрийн амжилтынх нь эхлэл болсон тухай ярьдаг. Мөн тэрээр алдарт *Forbes* сэтгүүлээс тодруулсан хамгийн ашиг орлоготой моделиудын 2-р байранд жагсаж байна.

Түүнээс гадна энэ жил маш олон шинэ сахиусан тэнгэрүүд нэмэгдсэн бөгөөд тэд ч мөн удахгүй далавчаа хүлээн авах биз ээ.

Ингээд бид та бүхэндээ шоуны зургуудаас сонирхуулъя.

  • Hello, guest