Quotes by TradingView

Н.ЦЭРЭНБАТ: НЭГ САЯ ЖУУЛЧИН, НЭГ ТЭРБУМ АМ.ДОЛЛАР МӨРӨӨДӨЛ БИШ

Image result for Н.ЦЭРЭНБАТ

УИХ-ын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбаттай ярилцлаа.

-Та Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын ажлыг аваад удаагүй байгаа. Салбарынхаа ажлыг юунаас эхэлье гэж бодож байгаа вэ. Олон салбарыг хамарсан болохоор танай яамны ажил их байдаг гэж дуулсан?

-Намайг ажлаа авахтай зэрэгцээд манай яам Ерөнхийлөгчийн Тамгын газартай хамтарч dАгаарын бохирдлыг бууруулах үндэсний чуулганd1-ыг зохион байгуулж таарсан учир агаарын бохирдлыг бууруулах чиглэлд анхаарал хандуулж ажлаа эхлүүлсэн. Байгаль орчны доройтол, цөлжилт, уул уурхайн зохистой бус үйл ажиллагаанаас бий болсон хөрс, ус, агаарын асуудалд салбарын үе үеийн сайд нар анхаарал хандуулж ирсэн. Би ч мөн адил анхаарч ажиллана. Манай Засгийн газар хууль хэрэгжүүлж, хариуцлагыг нэмэгдүүлье гэсэн зарчмын дагуу ажлаа явуулна. БОАЖЯ бодлого боловсруулахаас гадна салбар дундын зохицуулалтыг хангаж ажилладаг. Тэр утгаараа бусад салбар, яамдын алдаа дутагдал манай яамны үйл ажиллагааг алдаатай байгаа мэт харагдуулах нь бий. Үүнийг засч залруулах ёстой. Монгол Улсын Үндсэн хуульд dМонгол Улсын иргэн бүр байгаль орчноо сахин хамгаалах ёстойd1 гэсэн журамт үүрэг бий. Гэтэл сүүлийн жилүүдэд бид өөрсдийн толгой дээрх бухлыг харахгүй байж бусдын толгой дээрх өвсийг шүүмжлэх болсон. Нүүдэлчин монголчуудын хувьд байгалиа хамгаалах нь хамгийн эрхэм зүйл байсан. Бид энэ их өв соёлоосоо авч үлдсэн нь бага болоод гомдоллодог буруу нийгэм рүү явж байна. Энэ салбарт тулгараад байгаа асуудлыг зөвхөн БОАЖЯ болон салбарын хүмүүсээс гадна бүх хүн оролцож байж шийдэх ёстой. Монголчууд аливаа зүйлийг буруутган шүүмжлэхдээ хэт идэвхитэй буюу хэт чанга дуугардаг болжээ. Алдаа дутагдлыг засч залруулахад дэм болдог байдал дутагдаж байна. Тиймээс байгаль орчиндоо хандаж буй хандлагаа төр, хувийн хэвшил гэлтгүй хамтдаа өөрчилье гэж байгаа юм. Миний баримтлах гол зарчим энэ.

-Бусад яамны алдаатай бодлого ч юм уу буруу хийсэн зүйлс танай яамны алдаа мэт харагддаг гэлээ. Ерөнхийдөө өргөн хүрээг хамарсан болохоор салбар дундын уялдаа холбоог хангах шаардлага гарна. Энэ тал дээр салбар хоорондын уялдааг хэрхэн хангах бол. Хүндрэл ер нь хэр байна вэ?

-Салбар дундын уялдаа холбоо муу гэхээсээ илүүтэй манай салбарт олон талын эрх ашиг, олон талт бизнесүүд үйл ажиллагаа явуулдаг. Харамсалтай нь манайхан өөрсдийн дураар үйл ажиллагаа явуулж албан тушаалтнуудын тавьсан шаардлагыг биелүүлдэггүй. Тухайн биелүүлээгүй алдаа дутагдлаа хаацайлахын тулд олон нийт, нийгмийн сүлжээг ашиглан өөрийгөө зөвтгөх гэсэн зарим аж ахуйн нэгжүүдийн сөрөг хандлага үүнд гол үүрэг гүйцэтгэж байгаа. Тиймээс Засгийн газар хариуцлагатай байхыг мөн хуулийн хүрээнд бүх төрийн албан хаагчдаас шаардаж байгаа л даа.

Манай салбарын гол хүндрэл нь уул уурхайн компаниуд байгалийн дагалдах баялгийг дагаж үүсдэг харилцаанууд. Монгол Улсын эдийн засгийн томоохон тулгуур нь уул уурхай хэдий ч хуулиа мөрддөггүй аж ахуйн нэгжүүдийн өмнө нүдээ аниж, чихээ бөглөнө гэсэн үг биш. Хариуцлагатай хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологийг хэрэглэн олборлож, нөхөн сэргээж байгаа компаниудыг яамны зүгээс дэмжинэ. Харин дунд нь хийдэл гаргаж, хууль зөрчин уул уурхайн үйл ажиллагаа явуулж буй бүх аж ахуйн нэгжтэй хариуцлага тооцно. Энэ ч утгаараа манай яамнаас Ашигт малтмал, газрын тосны газарт сүүлийн таван жилд гомдол гаргасан аж ахуйн нэгжүүдийн асуудлыш хэрхэн шийдсэн мэдээллийг цуглуулж, удаа дараа хууль зөрчсөн аж ахуйн нэгжүүдийн хар жагсаалтыг гаргахаар ажиллаж байна.

-Ингээд ирэхээр л шүүмжлэл дагуулах байх даа?

-Хэн нэгнийг буруутгахаасаа илүү хууль журмын дагуу тавьсан шаардлагыг биелүүлээгүй байна гэдгийг нь ойлгуулах чухал. Өвлийн улирал эхэлсэн тул уул уурхай бараг зогсчихлоо. Хавар үйл ажиллагаа эхлэхэд нь бүх аж ахуйн нэгжид албан бичиг илгээнэ. Ой, ус, ан амьтан төрийн мэдэлд байдаг нь үнэн л юм бол төр энэ бүгдийг хамгаалахад хатуу байр сууриа хадгална. Сүүлийн үед уул уурхайн олборлолттой холбоотойгоор гол мөрөн бохирдуулсан зэрэг асуудлууд их гарах болсон. Гэтэл ийм асуудал дээр манай яам шүүхэд гомдол гаргаад ялагдаж байх жишээний олон асуудал байдаг юм байна. Үндсэн хуулийн 6.2-т dМонгол Улсын иргэдэд өмчлүүлсэнээс бусад газар, газрын хэвлий, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөнd1 гэж байгаа тул төр эдгээрийг хамгаалах ёстой. Дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрч буй конвенцид dГолын эхэн, дунд, адагт байгаа бүх хүмүүс тэгш эрхтэйd1 гэж заасан байдаг. Харамсалтай нь манайд голын эхэнд олборлолт хийж ус бохирдуулж дунд, адагт байгаа иргэдийн амьдралд сөрөг нөлөөлж байна. Тиймээс иймэрхүү компаниудыг хуулийн дагуу ажлаа хий. Үгүй бол бид холбогдох байгууллагуудад нь хандаж үйл ажиллагааг нь зогсоолгоно гэж байгаа юм. Техник, технологийн хүчээр маш олон санаанд оромгүй зүйлсийг зохион бүтээж байгаа ч өнөөдөр цэвэр ус үйлдвэрлэсэн тохиолдол гараагүй байна. Тиймээс гадаргын болон гүний усаа зүй зохистой ашиглахыг эрдэмтэн, судлаачид уриалж байгаа.

-Танай салбарын нэг том хэсэг нь аялал жуулчлал. Аялал жуулчлалын салбарт хэр анхаарал хандуулах вэ. Та жилд нэг сая жуулчин хүлээн авч, нэг тэрбум ам.долларын орлого олно гээд хэлж байсан даа?

-Хүмүүс dЦэрэнбатаа, нэг жилд нэг сая жуулчин авах, нэг тэрбум ам.долларын орлого олох боломжгүй. Битгий мэдэхгүй зүйлээ ингэж том ярьж байd1 гэж байсан. Харин ч үүнийг бид бүр томоор ярих ёстой гэж би боддог. Монгол Улс нэг жилд нэг сая жуулчин хүлээн авч, нэг тэрбум ам.доллар олох боломжтой. Энэ бидний хийх ёстой ажил болохоос мөрөөдлийн тоо биш. Учир нь өнөөдрийн байдлаар манай улсад жилд 405 мянган жуулчин ирж байна. Миний хүсээд байгаачлан нэг жилд нэг сая жуулчин хүлээж авахын тулд бид үйлчилгээгээ 1.5 дахин сайжруулах хэрэгтэй. Энэ жил бид дөрвөн хүн хүлээж авч чадаж байгаа юм бол ирэх жил яагаад найман хүн хүлээн авч болохгүй гэж. Тэрний дараа жил 10 хүн хүлээж авах хэрэгтэй. Ингэснээр бид нэг сая жуулчин хүлээж авна.

dМанайд ирээрэй, манайд ирээрэйd1 гэсний зоргоор жуулчид ирдэггүйг бид мэднэ. Аялал жуулчлалын салбар бол хүмүүсийн сэтгэл ханамж, сайн үйлчилгээний нэгдэл. Тиймээс миний хувьд гурван төрлийн стандартыг дээшлүүлэх ёстой гэж үзэж байгаа юм. Нэгдүгээрт, аливаа үйлчилгээний байгууллага хоолныхоо порцны хэмжээг цэсэндээ граммаар нь тусгаж өгөх хэрэгтэй. Мөн тээврийн аюулгүй байдлыг хангах нь нэн тэргүүний асуудал болоод байна. Бид 100 хувь аюулгүй байдлын баталгаа өгч чадахгүй байгаа нь том дутагдал. Жуулчинтай яваа машины өөдөөс хурд хэтрүүлж, дүрэм зөрчиж орж ирэхээс эхлээд монгол аюулгүй орны тоонд багтаж чаддаггүй. Үүнийг өөрчилж засъя гэж байгаа юм. Шийдэх ёстой чухал асуудлуудын нэг нь жуулчны баазын орчин үеийн албан ёсны байгууламж дутаж байгаа. Үүнийгээ шинэ түвшинд гаргаж Монголын хаана ч очсон тав тухтай байх нөхцлийг бүрдүүлбэл нэг том ахиц гэж харж байна. Жуулчид сэжиглэхгүйгээр ариун цэврийн өрөөнд ороод гардаг болгохын төлөө жуулчны баазууд ажиллах ёстой. Үүний төлөө би явна. Энэ бүхнийг хэрэгжүүлэхийн төлөө олон улсын төсөл хөтөлбөр, банкуудтай хамтарч ажиллана. dСаалиа бэлтгэхээр саваа бэлтгэd1 гэж үг бий. Эдгээрийг бид жуулчид ирэх цагаас өмнө цэгцэлж чадвал нэг жилд нэг сая жуулчин ирэх бүрэн боломжтой. Ядаж л 1.5 сая иргэн амьдарч байгаа Улаанбаатарт хотод 24 цагаар ажилладаг ахуйн хэрэглээний дэлгүүр алга шүү дээ. Энэ бүх асуудлыг цогцоор нь шийдчихсэн байхад миний хэлээд байгаа тоо  хол биш. Аялал жуулчлал жинэхэн утгаараа хөгжиж эхэлбэл жуулчны баазууд дээр зөвлөх эмчээс эхлээд мэргэжлийн сургалтад хамрагдсан харуул хамгаалалтын хүмүүст ажлын байр бий болно. Төр, хувийн хэвшил аль нь ч байсан энэ төлөвлөгөөнд орох хэрэгтэй. Аялал жуулчлалын салбар уул уурхай, дэд бүтцийн салбарыг бодоход хөрөнгө оруулалт бага шаарддаг. Ажлын байр бий болгох бүрэн боломжтой. Уул уурхай, дэд бүтэц шиг нарийн мэргэжлийн хүмүүс аялал жуулчлалд шаардлагагүй. Ажилгүй байгаа дунд насныхнаа сургалтад хамруулаад ажлын байраар хангах боломжтой гэж харж байгаа. Бид эдийн засгаа солонгоруулъя гэж олон жил ярьсан. Нэг өнгө нь аялал жуулчлалын салбар болох ёстой.

-Өөр ямар боломжууд нээгдэх вэ?

-Манайхан малын махаа экспортлоё гэж олон жил ярьж байгаа ч төдийлөн амжилттай болохгүй байгаа. Бид мал эрүүлжүүлж, махаа экспортлож чадахгүй байж болно. Жуулчдын тоо нэмэгдэх тусам бид эх орондоо гадны хэрэглэгчдэд хүнсний бүтээгдэхүүнээ экспортлох боломж илүү нээгдэнэ. Аялал жуулчлалын салбарынхны жилд авчирсан нэг сая жуулчин өдөрт гурван удаа хооллолоо гэхэд мах, гурилаас эхлээд хүнсний бүтээгдэхүүнийг нь хүнс хөдөө аж ахуйн салбарынхан нийлүүлнэ шүү дээ. Ингэснээр аялал жуулчлалын салбар эдийн засгийн тулгуур нэгэн багана болно гэдэгт бат итгэлтэй байна.

-Аялал жуулчлалын салбарт ямар хүндрэл байгаа бол?

-Хүндрэл байлгүй яахав. Өнөөг хүртэл энэ салбар хувийн хэвшлийнхний нуруун дээр л тогтож байна. Хувийн хэвшлийнхэн маань анх оруулсан хөрөнгөө нөхөж олсон нь тун бага. Найдаж, илүү их ашиг олно гэж бодсоны үндсэн дээр л үйл ажиллагаагаа зогсоодоггүй байх. Тиймээс эдгээр байгууллагуудыг дэмжихийн тулд орчин үеийн ариун цэврийн байгууламжаас эхлээд шаардлагатай техник, тоног төхөөрөмжийг нь банкуудтай хамтарч зээлээр олгоё гэж байгаа юм. Ингэж гэмээнэ бид тогтвортой аялал жуулчлалын салбараа хөгжүүлж, ажлын байр бий болгоно. Энэ бүх эхлэлийг тавьж байж өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлнэ гэж ярих нь зүйн хэрэг. Бид шидтэн биш учраас энэ бүхэн алга урвуулахын хооронд өөрчлөгдөхгүй нь мэдээж.

Зүүн өмнөд Азийн бүс нутагт аялал жуулчлал өндөр хөгжиж, хөрөнгө оруулалтууд их хэмжээгээр хийгдэж байна. Үүнийг дагасан хүндрэл нь агаарын тээврийн асуудал. Аль болох бид олон маршрут, нислэгийн давтамжийг бий болгох хэрэгтэй. Наад зах нь онгоцноос буусан жуулчин захиалсан зочид буудалдаа очихдоо таксины жолооч нарт хулхидуулдаггүй баймаар байна л даа. Улс даяараа нэг стандарттай болж, нисэх буудлаас зочид буудал руугаа хүрэх нэг үнэтэй болъё. Бид дэлхийтэй хөл нийлүүлэхийн тулд дэлхийн тавьж буй стандартуудад нийцэх ёстой. Түүнээс биш dМонголд ингэдэг юм ааd1 гээд байвал жуулчдын тоо төдийлөн нэмэгдэхгүй. Энэ бизнес сэтгэл ханамж, цогц үйлчилгээ болохоос тус тусдаа үйлчилгээ биш. Дэлхий нийтэд аялал жуулчлалын салбарт өрсөлдөгч гэж байдаггүй юм байна. Сэтгэл ханамжид суурилсан байдаг учраас тэр л дээ. Бид амжилтанд хүрэх ёстой. Цаг алдах ёсгүй.

-Манай оронд ирж, буцах тийзний үнэ маш өндөр. Яахав ирлээ гэхэд байгаль л үзэхээс биш Гандантэгчинлэн хийд, Цонжинболдогоос өөр үзэх зүйл байхгүй гэдэг шүү дээ. Гэтэл Ордост Чингис хааны ташуураа унагасан газрыг хүртэл хот болгоод жуулчид татаж байх жишээтэй…

-Яг энэ асуудалд Засгийн газар анхаарлаа хандуулж, аялал жуулчлалыг бүсчлэн хөгжүүлэхээр мөрийн хөтөлбөртөө тусгасан байгаа. Тухайлбал, Хэнтий аймагт dМянганы суут хүн их эзэн Чингис хаанd1 цогцолборыг байгуулахаар төлөвлөж, тэнд түүхийн аялал жуулчлалыг хөгжүүлэх бүсийг цогцлоохоор ажиллаж байна. Мөн Хөвсгөлийг байгалийн, Улаанбаатар орчмыг соёлын аялал жуулчлалын бүс хэлбэрээр хөгжүүлэхээр хөтөлбөр боловсруулаад ажиллаж байгаа. Аялал жуулчлалын томоохон 4-5 цогцолборыг бий болгохын тулд төр хувийн хэвшил хамтарч ажиллан үр дүнд хүрэх ёстой гэдэг байр суурийг манай яамны зүгээс баримталж байгаа. 2018 оны улсын төсөвт аялал жуулчлалын чиглэлээр гурван том ажил хийхээр санхүүжилтын асуудлыг шийдсэн.

Өнөөдөр бид түүхээ ярьж болох ч түүхийг маань сонирхохоор ирсэн хүмүүст орчин үеийн үйлчилгээ үзүүлж байж аялал жуулчлалыг хөгжүүлэх хэрэгтэй болчихоод байгаа юм. Жуулчид бидний түүхийг нүдээр үзэж, байгалийн сайхныг таашаахын зэрэгцээ орчин үеийн үйлчилгээг авах гэж ирж байгаас биш 12, 13 дугаар зууны амьдралаар хэд хонох гэж ирэхгүй гэдгийг бид ойлгох ёстой.

-Монгол Улсын иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхтэй гээд Үндсэн хуулиндаа тунхаглачихсан. Гэсэн ч 1.5 сая иргэн амьдарч буй нийслэлийн маань хөрс, ус, агаарын бохирдол хэрээс хэтэрсэн. Одоо бол утааны асуудлыг их ярьж байна. Энэ бүгдэд ямар шийдэл гарган ажиллах вэ?

-Аливаа төв суурин газар өөрийн дүрэм журамтай, улс орон бүр хуультай. Хуулиа мөрдөж байж харилцан сэтгэл хангалуун эрүүл, аюулгүй орчинд амьдрах ёстой юм байна гэдгээ их мөнгө төлж, илүү их цаг хугацаа зарцуулж байж ойлгож байна даа. Нийслэлийн утаа байгаль орчны бохирдол биш. Төлөвлөлт, ажилгүйдлийн бохирдлын утаа гэдэгтэй санал нэг байгаа. Хот төлөвлөлт буруу, шилжин суурьшилтанд хязгаарлалт тавиагүй гэхээсээ илүү хор хохирлыг хэрхэн бууруулах вэ, утааг бууруулах талаар үе үеийн Засгийн газар ямар бодлого барьж ирсэн, алийг нь би үргэлжлүүлэх ёстой вэ гэдэгт дүн шинжилгээ хийж байна. Төлөвлөлт буруугийн дээр ажилгүйдлээс утаа бий болсон гэдгийг дахин хэлье. Гуравдугаарт, түүхий нүүрсний хэрэглээг зөвшөөрснөөс болсон. Гоё зүйлийг  бид санаачилдаг ч гүйцэтгэлээ дутуу хаядаг. Цэвэр агаар сан байгуулж жилдээ 30 гаруй тэрбум төгрөг зарцуулж байгаад dНүүрсd1 хөтөлбөр хэрэгжүүлэн Багануурын нүүрсийг шуудайлж сайжруулсан түлш хэрэглэх ёстой газрууддаа зараад эхэлсэн. Ингэж л бид өөрсдийн хэм хэмжээг зөрчин түүхий нүүрсний хэмжээг гааруулсан. Өмнөх Засгийн газрууд дулаан байх хэрэгтэй л гээд байснаас биш зохистой  хэм хэмжээгээ барьж, сайжруулсан түлшээ хэрэглүүлээгүй. Цэвэр агаар сан татан буугдаад манай яаманд ирсэн. Гэхдээ яам бодлогоо бариад явж байгаа. Техник, технологийн НӨАТ, гаалийг чөлөөлчихье гэж байгаа юм. НЗДТГ-тайгаа хамтран гэр хорооллын цахилгаан эрчим хүчний найдвартай эх үүсвэрийг нэмэгдүүлэхэд Засгийн газар хөрөнгө гаргаж байна. Цахилгааны шөнийн тарифыг тэглэсэн. Хөрсний бохирдол мөн ялгаагүй. Нөгөө талаар бидний байгаа боломж энэ. Нэг нь ажил хийе гэхээр нөгөөх нь хаалт болдог. Гэр хорооллын дахин төлөвлөлт хийе гэхээр нэг хэсэг нь газраа чөлөөлөөд нөгөө хэсэг нь өндөр үнэ хэлээд суучихдаг. Бид хөгжлийн, бодлогын чөдөр тушаа болсоор байгаагаа ойлгох хэрэгтэй. Шийдэл ярьдаггүй, буруутан хайдаг. Монголчууд гурван саяулаа буруутан. Бие биенээ хүндэлдэггүй, мэргэжлийн хүний тавьсан шаардлагыг биелүүлдэггүй. Би ингэх эрхтэй, төв Азийн цээжин дэх хөх толботой монгол гэж онгирдог. Гэтэл дэлхий нийттэй хөл нийлүүлэхийн тулд дүрэм журманд нь нийцэх ёстой. Гэтэл бид өөрсдөө дүрэм, журмаа биелүүлдэггүй хэрнээ бусдыг биелүүлэхийг шаарддаг. Хөрсний бохирдлын асуудлаар Азийн хөгжлийн банктай хамтраад шинэ төсөл хэрэгжүүлээд эхэлсэн. Үр дүн гарах ёстой. Үүнээс аль нь шилдэг технологи вэ гэдгийг хараад ард иргэдийнхээ амьдралд нэвтрүүлнэ. Монголд хэрэгжих төсөл хөтөлбөрүүд үнэ өртөг, цаг хугацаанд хязгаарлуулж байна. Бид хэн нэгнийг өөрчлөх биш бодит байгаа байдал, хандлагаа өөрчлөх хэрэгтэй. Хогны асуудал үүсэхээр манай яамны асуудал болчихдог. Хогоо цэвэрлэ гээд шүүмжилдэг. Хог тарих нь харин өөр хүмүүсийн асуудал. Ний нуугүй хэлэхэд хэн хог тарьж байна вэ гэдгийг хянаж байгаа хүн алга.

-Тэгээд утааг яг яаж бууруулах ёстой юм бэ?

-Утааг бууруулахын тулд дэд бүтцээр хангах, гэр хорооллыг орон сууцжуулах хэрэгтэй. Англи, Польшийн түүх ийм л байдаг. Мөн сайжруулсан түлш хэрэглэх ёстой. Бид мөнгө л байвал бүх зүйлийг шийдчихнэ гэж боддог. Асуудлыг шийдэхэд гарт орсон өргөсийг авахын дайны тийм амар биш. Гадныхантай уулзаж байхад dТа нар тэвчээргүй. Байгаа соёлоосоо шал өөр хүмүүс юмаа гэдэг. 26 километр газар хурдан морийг хүүхдээр унуулж наадаж байна. Тэгсэн мөртлөө 1024 бөх барилдуулаад нэгийг нь түрүүлүүлж байгаа нь харгис байна. Тэгсэн мөртлөө бүх хөрөнгө оруулагчдаа жилийн дотор хөрөнгө оруулалтаа нөх. Өнөө маргаашгүй үр дүн гарга гэдэг. Гэтэл технологийн хугацаа гэж байдагd1 гэж шүүжилдэг. Үүнийг ойлгож хамтдаа өөрчлөх хэрэгтэй. Утааг арилгахын тулд бид хөдөлмөрлөж, дэд бүтцээ татах ёстой. Харин энэ хугацаа шаардах үед нь сайжруулах түлш хөтөлбөрийг нь үргэлжлүүлье гэж байгаа юм. Манай яам, Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороотой хамтран Барилга мегасторт dШинэ техник технологийн мэдээллийн төвd1 гэж нээж байгаа. Байшингаа халаахад ямар давуу технологи байна гэдгийг харж болно. Мөн хөрсний бохирдлыг бууруулах үүднээс цэвэр бохирын систем дээр ямар ололтууд байгааг компаниуд нь танилцуулж байна. Байгальд ээлтэй техник, технологи үйлдвэрлэж буй ахуйн нэгжүүдийг системээр нь дэмжихийн тулд Дэлхийн уур амьсгалын сан буюу Ногоон зээлийн сангаас Монгол Улс зээл авч аж ахуйн нэгжүүдийг дэмжсэнээр тогтвортой хөгжлийн зорилтод хүрэх ёстой. Энэ бүхнийг бодит амьдрал дээр хэрэгжүүлэхийн тулд яамны зүгээс Банкуудын холбоо, Сангийн яамтай хамтран Ногоон зээлийн санг байгуулах ажлыг эхлүүлсэн. Гэхдээ өнөө маргааш шууд үр дүн гарахгүй гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй. Утааг бууруулах үе шаттай ажлуудыг төр засгийн зүгээс хийж байна. Иргэд маань харин юу хийж байна вэ гэдгээ бодох ёстой.

-Богдхан уул тусгай хамгаалалттай гэдэг утгаараа танай яамны харьяанд байдаг. Гэтэл тусгай хамгаалалттай газарт байшин барилга маш ихээр баригдаж байна. Хэл ам тасардаггүй. Энэ бүгдийг цэгцлэхгүй юм уу?

-Богд уул орчмын маргаан дагуулдаг газрыг суурьшлын бүс болгоод асуудлыг нэг талдаа шийдье гэсэн зарчмыг баримталж байгаа. Бодит байдал дээрээ Богд уулаа тойроод хүмүүс амьдарч байгаа нь үнэн. Тиймээс маргаантай газрыг суурьшлын бүс болгоод холбогдох газрууд нь хариуцаад явах хэрэгтэй болов уу. Богд уулыг тойрсон маргаантай газрын талаар 20 жил ярьлаа. Тиймээс дэлхий нийтийн туршлагаас судлаад суурьшлын бүс болгох хэрэгтэй гэж бодож байна. Тэгэх юм бол Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, тухайн дүүргийн Газрын алба нь асуудлаа цэгцлээд ойлголцоод явчих байх. Одоо бол Богд уулын тусгай хамгаалалттай орчимд газар ашиглах зөвшөөрөл авсан хэрнээ аж ахуйн нэгжүүд   маань нийтийн эзэмшлийн зам талбайгаа чөлөөлөх гэж  асуудал үүсгэж байх жишээний. Хаагуур замаа тавьж, цэвэр бохирын асуудлаа яаж шийдэх тал дээр яам нэгдсэн тушаал шийдвэр гаргаад явна. Зарим нийтийн эзэмшлийн талбайн газрыг чөлөөлөх ёстой. Бид хотоо өөрсдийн гараар бүтээсэн гэдэг ч өнөөдөр өөрсдийн гараар эвдсэн хот болгох нь ээ. Зайсан, Яармагийн урд хэсэг орон сууцны хороолол боллоо. Зарчмын шийдэл нь суурьшлын бүс болгоно.

-Улсын төсөв батлагдсан. Эдийн засаг хүнд байгаа. Танай салбарын төсөв нэлээд бага дүнтэй батлагдах шиг болсон…

-Нэгдүгээрт, төсөв анх өргөн баригдсанаас хойш Засгийн газрын гишүүд төсвөө задлахгүй явъя гэдэг зарчим барьсан. Энэ дагуу явсан. 2020 он хүртэлх Засгийн газрын төлөвлөгөөний дагуу батлагдсан төсвийнхөө хүрээнд аль болох сайн ажиллана. Их хөгжлийн, их орлогын, их ойлголцлын ажлуудыг би хийнэ. Байгаль орчин, аялал жуулчлалын салбарын үүрэг нь дэлхийн чиг хандлагад нэгдэж байгаа. Томоохон төсөл, хөтөлбөр дээр эрх мэдэл, хариуцлагын түвшин нэмэгдэж байна. Залуу хүний хувьд зайлшгүй хийх ёстой ажлуудаа ирэх жилээс хийж эхэлнэ. Орчин үеийн цахим болон багаж хэрэгслээр байгаль хамгаалагч нараа хангана.

-Саяхан Отгонтэнгэр ууланд авирсан хүмүүс эндсэн. Төрийн тахилгатай, тусгай хамгаалалттай газар уг нь авиралт хийлгэхгүй гэж байгаль хамгаалагч нь хэлээд ч үгийг нь аваагүй гэж байсан л даа. Цаашид энэ мэтчилэн ууланд авирах асуудлуудыг хэрхэн цэгцлэх вэ?

-Бид чөлөөт ардчилсан нийгэмд амьдарч байгаа ч бусдын эрхээр өөрийн эрх хязгаарлагдана гэдгийг ойлгох хэрэгтэй. Дэлхийн хаана ч дүрэм, журмын дагуу ууланд авирдаг. Энэ бүхнийг бид харамсалтай нь олон хүний амь нас эрсдэж байж ойлголоо. Завхан аймгийн Отгон сумын байгаль хамгаалагч Ш.Батмэнд гуай хуулийн дагуу шаардлагаа тавьсан. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын Отгонтэнгэр ууланд авиралт хийхийг хориглосон тушаал бий. Болохгүй гээд байхад манай хэсэг залуу технологийн алдаа гаргасан нь үнэн. Цаашид ийм осол гарлаа гэхэд бидний техникийн боломж, аюулгүй байдлын нөхцөл ямар байна вэ гэдгийг ойлголцох ёстой. Манай яам өндөр ууланд авиралт хийх журмыг батлахаар мэргэжлийн уулчидтай хамтран ажиллаж байна.

Эх сурвалж: Өдрийн сонин

  • Hello, guest