Өмнөд Солонгосын дараагийн ерөнхийлөгч хэн байх вэ?

Азийн дөрөв дэх том эдийн засагтай Өмнөд Солонгосын төрийн эрхийг барих шинэ эрхмийг ирэх тавдугаар сарын 9-нд сонгох гэж байна. Хойд Солонгостой хиллэн орших, 50 сая гаруй хүн амтай энэ улсын ирээдүйн бодлого, шийдвэрүүд бүс нутгийн төдийгүй даяар дэлхийн хувь заяанд ч нөлөөлж мэднэ. Тиймдээ ч БНСУ-ын ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуулийн үйл явцыг дэлхий нийт анхааралтай ажиж байна.Албан тушаалаасаа огцорсон ерөнхийлөгч асан Пак Гын Хэ Сөүл хотод болсон жагсаалын үеэр дэмжигчидтэйгээ мэндэлж буй нь. 2017 оны гуравдугаар сар.

ГОЛ ӨРСӨЛДӨӨН ХААНА ӨРНӨХ ВЭ?

Ерөнхийлөгчийн сонгуульд 15 эрхэм нэр дэвшин өрсөлдөж байгаа. Гэхдээ тэдгээр нэр дэвшигчдийн дотроос хоёр эрхмийн хооронд л гол өрсөлдөөн өрнөнө гэх урьдчилсан таамаг бий.

Зүүний Ардчилсан намаас нэр дэвшигч, хүний эрхийн хуульчаар ажиллаж байсан, 64 настай Мун Жэй-ин, төвийн үзэл баримтлалтай Ард түмний намаас нэр дэвшигч, эмч байгаад сүүлд компьютерийн мэргэжилтэн болсон Ан Чол-сү нарыг гол тоглогчдоор нэрлэж болно. Олон нийтийн дунд явуулсан санал асуулгаар нийт сонгогчдын 80 хувь нь тэднийг дэмжиж байна.

Хойд Солонгостой хэл амаа ололцох сонирхолтой Мун Жэй-ин

Саяхныг болтол Мун Жэй-ин Хөх ордны дараагийн тэргүүнээр сонгогдох хамгийн өндөр магадлалтай нэгэн байв. Харин одоо түүнд хүчтэй өрсөлдөгч гарч ирсэн нь Ан Чол-сү. Үндэсний аюулгүй байдлын асуудлыг чухалчилдаг түүнийг консерватив сонгогчид илтэд дэмжиж байгаа.

Мун овогт 2012 оны сонгуульд Пак Гын Хэд ялагдсан шалтгаан нь Хойд Солонгосын талаар хэтэрхий зөөлөн байр суурьтай гэх шүүмжлэл байсан юм.

1950 онд Солонгосын дайны үеэр умардаас зугтаж, Өмнөд Солонгост ирсэн Мун Жэй-иний эцэг, эх нь Хойд Солонгосынх. 1998 онд ерөнхийлөгч Ким Дэ Жуны зарласан, Хойд Солонгосын шөнийг өдөр мэт гэрэлтүүлэх зорилготой “Нарны гэрэл” хэмээх гадаад бодлогыг дэмждэгийн хувьд Мун Жэй-ин хөрөнгө оруулалт, харилцан хамтын ажиллагаа, тусламж хөтөлбөр зэргээр дамжин Хойд Солонгостой найрсаг харилцаа тогтоох эрмэлзэлтэй нэгэн гэгддэг.

Мун Жэй-ин намаасаа ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх эрхээ авсны дараа

Хойд Солонгосын эсрэг хориг арга хэмжээг тэр дэмждэг, гэхдээ тус улсын цөмийн хөтөлбөрийн талаар удирдагч Ким Чен Унтай шууд нүүр тулж ярилцах нь зүйтэй гэж үздэг. Тийм амлалт ч өгөөд байгаа. Өмнөд Солонгос бүс нутгийн хэмжээнд тэргүүлэх гүрэн байх ёстой, түүнээс биш Хятад, эсвэл АНУ-ын ажиглагчийн дүрд тоглох хэрэггүй гэж саяхан мэдэгдсэн.

Мөн тэрбээр “АНУ ба БНСУ-ын түншлэл нь Сөүлийн дипломат байдлын үндэс суурь мөн боловч АНУ-ын хөгжүүлсэн, пуужингийн довтолгооноос хамгаалах агаарын THAAD системийг байршуулах асуудалд болгоомжтой хандах хэрэгтэй” гэжээ. Дараагийн ерөнхийлөгч сонгогдох хүртэл энэ асуудлыг түр харзнах хэрэгтэй, энэ системийг суурилуулах нь Хятадтай харилцаагаа муутгах хэмжээний үнэ цэнэтэй эсэхийг дараагийн ерөнхийлөгч шийдэх нь зүйтэй гэж тэр үзэж байна.

Энэ мэт гадаад бодлогын асуудлаас гадна Мун Жэй-ин улс төрийн институтэд итгэх ард түмний итгэлийг сэргээх, төрөлт хэт багассанаас шалтгаалах эдийн засгийн тэнцвэрт бус байдлыг арилгах, ажлын байр бий болгох зэрэг амлалт өгчээ. Нийгмийн салбарт эцэг, эхийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлж, төрийн санхүүжилттэй өдөр өнжүүлэх төв, цэцэрлэг байгуулах гэнэ.

Мөн л умардтай хэлэлцээ хийхийг дэмжигч, алтан дунджийг баримтлагч Ан Чол-сү

Төвийн үзэл баримтлалтай Ард түминй намаас нэр дэвшигч Ан Чол-сү. 55 настай. Алтан дунджийг баримтлагч гэгддэг. Гэнэтхэн л Мунтэй мөр зэрэгцээд сонгуулийн сунгаанд гараад ирсэн тэрбээр санал асуулгаар Мунтэй тун ойр яваа.

Үндэсний аюулгүй байдлын асуудлаар хатуу байр суурь баримталдаг тэрбээр Пакийг дэмжигч, консерватив голдуу сонгогчдын итгэл найдвар нь болжээ. Ан Чол-сү АНУ-ын пуужин эсэргүүцэх систем суурилуулахыг дэмждэг, мөн Хойд Солонгосын эсрэг олон улсын авч хэрэгжүүлж буй хориг арга хэмжээг ч зөвтгөдөг. Гэхдээ Муны нэгэн адилаар Пхеньянтай хэлэлцээ хийх нь зөв гэж үздэг.

БНСУ-ын ерөнхийлөгчид нэр дэвшигч Ан Чол-сү

БНСУ-ын ерөнхийлөгчид нэр дэвшигч Ан Чол-сү

“Хойд Солонгосын эсрэг хориг арга хэмжээ авахын гол зорилго нь юу юм? Мэдээж тэдний хэлэлцээрийн ширээнд суухыг ятгах явдал” гэж тэр хэлжээ.

Эмч мэргэжилтэй тэрбээр хожим компьютерийн салбарт амжилт гаргаж, вирусын эсрэг программ зохион бүтээсэн нь ихээхэн нэр хүнд авчирсан гэнэ.

Ан Чол-сү зөвхөн өөрсдийнхөө эрх ашгийг өмнөө тавьдаг улстөрчдөд урам хугарч, итгэл алдарсан ард түмний итгэл найдварыг сэргээхээ амласан. Намаасаа сонгуульд нэр дэвших эрхээ авсны дараа тэрбээр “Чөлөөт либерал БНСУ, эсвэл консерватив БНСУ биш, харин ард түмний улс орон байх ёстой” гэж хэлжээ.

ПАК ГЫН ХЭГИЙН НАМААС ХЭН НЭР ДЭВШИВ?

Ерөнхийлөгч асан Пак Гын Хэгийн консерватив нам үндсэндээ хоёр хуваагджээ. Экс-ерөнхийлөгчдөө үнэнч үлдсэн хэсэг нь өөрсдийгөө Эрх чөлөөт Солонгосын намынхан гэж нэрлэв. Удирдагч нь прокурор асан, Өмнөд Солонгос дахин цөмийн зэвсэг хөгжүүлэх ёстой гэж итгэдэг, өөрийгөө хүчтэй нэгэн гэж тодорхойлдог Хун Жүн-пё. Сонгуулийн сунгаанд топ-5 нэр дэвшигчдийн нэгээр нэрлэгдэж байгаа нэгэн юм.

Харин авлигын хэрэгт нэр холбогдсон Пак Гын Хэг албан тушаалаасаа огцрох ёстой гэж үзсэн үлдсэн хэсэг нь “Барэун” намыг байгуулсан юм. Тэд нам дотроосоо Юү Сён-минийг ерөнхийлөгчийн сонгуульд сойж байна. Тэдний хамт Шударга ёсны намаас нэр дэвшигч Сим Сан-жун мөн топ-5 нэр дэвшигчид багтжээ.

Гэхдээ дээрх гурван эрхмийн хувьд Мун Жэй-ин, Ан Чол-сү нартай харьцуулбал чансаагаараа хол хоцорчээ. Тиймээс явцын дунд нэрээ татаж, Ан Чол-сүг дэмжих магадлалтай гэгдэж байгаа юм.

Зүүнээс баруун тийш Сим Сан-жун /Шударга ёсны нам/, Хун Жүн-пё /Эрх чөлөөт Солонгосын нам/, Юү Сён-мин /Барэун нам/, Мун Жэй-ин /Ардчилсан нам/, Ан Чол-сү /Ард түмний нам/ нар. 2017.04.19

Зүүнээс баруун тийш Сим Сан-жун /Шударга ёсны нам/, Хун Жүн-пё /Эрх чөлөөт Солонгосын нам/, Юү Сён-мин /Барэун нам/, Мун Жэй-ин /Ардчилсан нам/, Ан Чол-сү /Ард түмний нам/ нар. 2017.04.19