Шөнийн сүм музейд Морин хуурын чуулга арга хэмжээ боллоо

Чойжин ламын сүм музей жил бүр “Шөнийн музей” арга хэмжээг зохион байгуулдаг уламжлалтай. 2015 онд “Авъяаслаг Азичууд” (Asian’s got talent) тэмцээний “Дэд” байрын шагналт “Хөсөгтөн” хамтлагтай хамтран “Шөнийн музейд Хөсөгтөн” ардын урлагийн тоглолт, арга хэмжээг амжилттай зохион байгуулсан. Энэ жил Улсын Филармонийн Морин хуурын чуулгатай хамтран “Шөнийн сүм музейд Морин хуурын чуулга” үдшийн цэнгүүнийг 2016 оны 09 сарын 14-ний өдөр зохион байгууллаа.

Соёлын байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, музейн үйлчилгээг сонирхолтой хэлбэрээр олон нийтэд хүргэх, музейг түшиглэн аялал жуулчлалыг хөгжүүлэх, олон талт соёлын арга хэмжээ зохион байгуулах бодит боломж байгааг дэлгэн харуулах зорилгоор 2011 оноос эхлэн жил бүр “Шөнийн музей” арга хэмжээг зохион байгуулж ирсэн бөгөөд жил ирэх тусам цар хүрээ нь өргөжиж байна.

“Шөнийн сүм музейд Морин хуурын чуулга” арга хэмжээг хэрэгжүүлснээр соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх, мэргэжлийн урлагийн байгууллагуудтай бүтээлч хамтын ажиллагааг өргөжүүлэх, соёлын өвийг эдийн засгийн эргэлтэнд оруулах, олон нийтэд соёлын өвийг сурталчлах, бахархах, хайрлан хамгаалах сэдлийг төрүүлэх, үзэгчдийн урлагийн боловсролыг дээшлүүлэх, тэдний чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломжийг бий болгох зорилготой. Энэхүү арга хэмжээнд хүрэлцэн ирсэн зочид Монголын түүх соёлын үнэт өв болох Чойжин ламын сүм музейн арвин баялаг сан хөмрөг, хосгүй үнэт бүтээлүүдийг үзэж мэлмий баясгахын зэрэгцээ музейн өвөрмөц тансаг орчинд тухлан Монголд улсдаа төдийгүй дэлхий дахинд өндрөөр үнэлэгддэг Морин хуурын чуулгын тоглолтыг үзэж, сонирхлоо.