ЦЭЦЭРЛЭГИЙН БАГШ НАРТ САНУУЛАХ ЗҮЙЛ БАЙНА

Хүн хэлэхээс, цааш чичихээс нааш” гэж өвгөдийн мэргэн үг байдаг даа. Тэр утгаар цэцэрлэгийн багш нарт хандан өөрт тохиолдсон зүйлээр жишээ аван сануулж, анхааруулах гэсэн юм. Өнгөрсөн баасан гарагт цэцэрлэгийн бага ангид элссэн зээ охиноо авах үүрэг надад ногдлоо. Энэ тухай өвөөд нь дуулгахад тэрбээр “Би хамт явж, зээгээ авна.

medeel_mn_1473725018_tstsrlg

Ер нь та нар ямар цэцэрлэгт өгснийг нь очиж харна” хэмээн сүржигнэв. Үрийн үрийг аминаасаа ч илүү хайрладаг нь хүний хорвоогийн хамгийн сайхан зуйлуүдийн нэг байдаг юм хойно доо. Ингээд л эмээ, өвөө нь хоёр талаасаа уулзалдан “Заавал эцэг эх хоёрт нь өгч явуулдаг журамтай гээд өгөхгүй байвал яана аа. Хүргэн цэцэрлэгтэй гэрээ байгуулахдаа “Эцэг эх хоёроос гадна ийм ийм хүмүүс авч болно гээд хоёр талын эмээ өвөөгийнх нь нэрсийг өгсөн байх ёстой” гэхчилэн элдэв таамаг дэвшүүлсээр цэцэрлэгдээр ирлээ.
Цэцэрлэгийн багачууд 16:30-ийн цайгаа уугаад дуусч байгаа бололтой, аяга таваг хураах, багш нарын “чимээгүй, өөр өөрийн сандал дээр сууцгаа. Хэн томоотой сууна, тэр хүүхдийн ээж, аав нь хамгийн түрүүнд ирж авна” хэмээн сэтгэхүйн “дайн” зарлаж байгаа нь хаалганы цаана сонсогдоно. Өвөө нь “Нархан” бүлгийн хаалгаар шагайн “Уянгыг авъя” гэвэл “Уянга яваарай” гэчихээд таг болов. Бяцхан зээ минь ч тэгсхийгээд гарч ирээд тав хоног уулзаагүй эмээ, өвөө хоёроо хараад баярлахдаа нэг уйлах маяг үзүүлснээ “гадаа” хэмээгээд хүзүүгээр тэвэрлээ. Бид гурав хувцсаа солих гэж үүдний өрөөнд хэсэг бөвтгөнөсөн ч хоёр багшийн хэн нь ч гарч ирж бидэнтэй уулзаж ярилцсангүй, үдэж ч гаргасангүй. Зээгээ орой тарахад нь бид хоёрын хэн нэг нь өмнө авч байсан бол “зүс таних юм” гээд өгөөд явуулж болох юм. Гэтэл үгүй. Анх удаагаа авч байгаа нь тэр. Асуудал эндээс л үүдэлтэй.

Таньж, мэдэхгүй, урьд өмнө нь харж байгаагүй хүмүүст нэрийг нь хэлэх төдийд өгөөд явуулж байгаа нь цэцэрлэгийн багш нарыг эрхэлсэн ажилдаа хариуцлагатай ханддаг гэж дүгнэж болохгүй байгаа биз дээ. Хичээлийн шинэ жил эхлээд дөнгөж 10 гаруйхан хонож байна.

Цэцэрлэгийн эрхлэгч нар цаг алдалгүй, эцэг эх, эмээ, өвөө болоод онцгой тохиолдолд хүүхдийг нь цэцэрлэгээс авах хүмүүсийнх нь судалгаа авч, эцэг эхээс нь өөр хүн ирж авсан тохиолдолд “ийм хүн авлаа” гэх мэдээллийг тэр дор нь өгдөг тогтолцоонд шилжих цаг болжээ.

Дэлхий дахинд бага насны хүүхэд хэдэн арван мянгаараа ор сураггүй алга болж байгаа ийм цаг үед ялангуяа цэцэрлэгийн насныханд маш хариуцлагатай хандаж, гараас гарт хүлээлгэн өгөх учиртай бус уу. Азаар Монгол Улсад л хүүхэд ор сураггүй алга болсон тухай дуулдаагүй болохоор л багш, эцэг эхчүүд энэ асуудалд төдийлөн анхаарал хандуулж ирээгүй бололтой. Үүний жишээ бол миний зээ охины хүмүүжиж буй цэцэрлэг.

Нөгөөтэйгүүр, сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотод шинээр сүндэрлэн боссон том том хотхон, хорооллууд хүүхдийн цэцэрлэгийн асуудлыг давхар шийдэж ирснээр хэдэн арван байшингийн булан өнгөрч байж хүүхдээ цэцэрлэгт өгдөг байсан үе зарим талаар мартагдаж буй гэж хэлж болно. Нөхцөл байдал сайжирсан болоод тэр байх, зарим залхуу нь дэндсэн эцэг эхчүүд хүүхдээ хувцаслаж өгөөд гүйлгэчих нь бий. Бас гэр нь ойрхон юм гээд өөрөө дэгдээд харьчих гээд хувцаслаж өгөөд гэр рүү нь явуулчихдаг багш нар ч байдаг.

Үнэндээ хайхрах эзэнгүй бяцхан хүү булан тойрох гэж харайлгаж яваад автомашины осолд орвол хэн хохирох билээ, хүүхэд. Эдүгээ Монгол Улсад өдөрт 7-8 бага насны хүүхэд эцэг эхийн анхаарал суларснаас осолд орж, амь нас эрүүл мэндээрээ хохирч буй нь ч эцэг эх, багш нарын анхаарал халамжтай холбоотой асуудал. Ниргэсэн хойно нь хашгирч элдэв болохоосоо өмнө болзошгүй аюулаас бяцхан үрсээ хамгаалах нь хаа хаана аа хариуцлага байж мэднэ.

Эрхэм цэцэрлэгийн багш нараа та бүхний анхаарлаа сарниулсан нэг хором бяцхан үрсийг минь аюултай нөхцөл рүү түлхэж байвал яана.
Монголын мэдээ
Х.Норжин

One thought on “ЦЭЦЭРЛЭГИЙН БАГШ НАРТ САНУУЛАХ ЗҮЙЛ БАЙНА

  1. зочин

    манай хүүхдийн цэцэрлэг хаиуцлагатай бүүр гарын үсэг зуруулдаг. Гэтэл зарим эцэг эхчүүд багшийг загнаж байгаатай таарсан. насанд хүрсэн хүнээр авхуулахыг шаардахад нэг ээж бүүр загнаж байсан шүү. Бүх цэцэрлэг тийм биш шүү дээ.

Comments are closed.