Quotes by TradingView

Хан-Уул дүүргийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүд зэсхэн амны хаалттай боллоо

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг гамшгийн түвшинд хүрсэн гэдгийг Монгол Улсын Төрийн гурван өндөрлөг хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ л “өргөс авч байгаа мэт” маргааш гэхэд агаарын бохирдол арилчихгүй. Шат дараатай арга хэмжээ авч ажиллахаа төр засгаа мэдэгдсээр байгаа. Тиймээс иргэд бид өөрсдийн амь, нас, эрүүл мэндийг хамгаалах шаардлага тулгарч байна. Хүйтэн сэрүүний улирал эхэлж, томчууд гэхээсээ хүүхэд багачууд ханиад томуу, амьсгалын замын өвчнөөр өвдөх нь элбэг болдог. Үүн дээр агаарын бохирдол нэмэгдэж, өвчнийг хүндрүүлэх нэг шалтгаан болж байна.

Агаарын бохирдол болон амьсгалын замын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх олон сайн аргууд бий ч өнөөдөр амны хаалт хэрэглэхийг чухалчилж байна. Агаарын бохирдлоос сэргийлж эрүүл мэндээ хамгаалахын тулд амны хаалт хэрэглэж заншихыг эрүүл мэндийн байгууллагаас зөвлөж байгаа билээ.

Тэгвэл 500 төгрөгийн үнэтэй даавуу маскаас өөр сонголтгүй байсныг бодоход одоо янз бүрийн маск, амны хаалтнууд худалдаалагдаж байна. Ганц удаагийн хэрэглээнээс эхлээд насан туршдаа угааж цэвэрлээд хэрэглэж болох технологи шаардлага хангасан амны хаалтууд худалдаалагдах болжээ.

Импортоос илүү Монголчууд өөрсдөө амны хаалт үйлдвэрлэхийг эрхэмлэдэг болсон байна. Тэдний нэг болох “Мичид Хүслэн” ХХК “Зэсхэн” нэртэй зэс утсан шүүлтүүртэй амны хаалт үйлдвэрлэж, бүтээгдэхүүнийхээ тодорхой хувийг өнөөдөр Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдэд бэлэглэлээ.

“Зэсхэн” амны хаалтны давуу талийг “Мичид Хүслэн” компанийнхан

“-Агаарын бохирдлоос 99.9 хувь хамгаална

-Ханиад томууны бактери, вирусээс 99.9 хувь хамгаална

-Тоос тоосонцор эвгүй үнэр нэвтрүүлэхгүй

-Олон удаа угааж хэрэглэж болно

-100 хувь байгальд ээлтэй материалаар хийгдсэн

-ам болон хоолойг хуурайшуулахгүй тул удаан зүүхэд түүртэхгүй” гэж танилцуулсан юм.

“Мичид Хүслэн” компанийн энэхүү сайн үйлсийг Хан-Уул дүүргийн агаарын бохирдлыг бууруулах салбар хороо, дүүргийн Засаг даргын Тамгын газар, дүүргийн Нэгдсэн эмнэлэг дэмжиж ажиллалаа. Өнөөдрийн арга хэмжээнд Хан-Уул дүүргийн Засаг даргын орлогч А.Амартүвшин, дүүргийн Нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмч Б.Бааст, дүүргийн Агаарын бохирдолын асуудал хариуцсан мэргэжилтэн Ч.Ишдулам болон “Мичид Хүслэн” компанийн төлөөлөл оролцлоо.

“Мичид Хүслэн” компанийн Ц.Дэлгэржаргалаас “Зэсхэн” амны хаалтын талаар тодрууллаа.

-Танай амны хаалт бусад ижил төрлийн амны хаалтуудаас ялгагдах зүйл юу вэ?

-Өмнө танилцуулсан. Агаарын бохирдлоос 99.9 хувь хамгаална. Мөн ханиад, томуугийн бактери, вирусээс хамгаална. Түүнээс гадна байгаль ээлтэй материалаар хийгдсэн.

– Зэсхэн амны хаалтанд орсон зэс утас бүхий шүүлтүүрийн талаар танилцуулаач. Энэ шүүлтүүд амны хаалтанд байснаар ямар давуу талтай вэ?

-Зэс нь бактери, вирусийг устгах чадвартай гайхалтай металл юм. Зэс утсыг хөндлөн ба босоо чигт полиестер утастай огтлолцуулан нэхснээр амьсгалаас гарах чийг шүүлтүүр дээр хуралдан, цахилгаан орны потенциал энерги үүсгэдэг. Энэ энерги нь гадны нян бактери, тоос, тоосонцороос маш сайн хамгаалдаг юм. Үүнийг амны хаалтанд хийж өгснөөр агаарын бохирдол болон амьсгалын замын элдэв өвчнөөс хамгаалах юм.

– Зэсхэн амны хаалтыг угааж хэрэглэх боломжтой гэсэн. Гэхдээ хэрхэн угааж хэрэглэх талаар заавар бий юу?

– Зэс шүүлтүүрийг салгаж аваад, гадна даавуун амны хаалтыг угааж хэрэглэж болно. Нэг амны хаалтыг 6 сар хэрэглэх боломжтой. Гэхдээ савандаж, мушгиж болохгүйг анхаарах хэрэгтэй.

Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасаг дүүрч, дотрын тасгийн зарим өрөө тасалгааг суллаж, хүүхдүүдийг хэвтүүлж эмчилж байгаа талаар тус эмнэлгийн дарга, ерөнхий эмч Б.Бааст гуай ярьж байна. Тэрээр өнөөдрийн арга хэмжээг цагаа олсон сайн үйл байна хэмээн сайшааж, баяртай байгаагаа илэрхийлсэн юм. Мөн жүжигчин Б.Ундармаагийн тохижуулж өгсөн хүүхдийн тасгийг бахархалтайгаар танилцуулж байлаа.

Арга хэмжээний үеэр дүүргийн Засаг даргын орлогч А.Амартүвшин “Дүүргийн Засаг даргын Тамгын газраас төлөвлөгөө гаргаж, “Мичид Хүслэн” компанийнхантайгаа хамтраад ганцхан эмнэлэгт хэвтэж байгаа хүүхдүүдэд бус дүүргийн цэцэрлэг сургуулиудад байгаа бүх хүүхдүүд, дүүргийн иргэдэд энэхүү амны хаалтыг тараах ажлыг шат дараатайгаа зохион байгуулахаар төлөвлөж байна. Мэдээж санхүүжилт хэрэгтэй. Энэ бүгдийг шийдвэрлэж, аян хэлбэрээр зохион байгуулж ажиллана. Засаг даргын 2020 он хүртэл ерөнхий төлөвлөгөө байгаа. Энэ төлөвлөгөөнд амны хаалт тараах ажлын багтаахаар төлөвлөж байна. Нэг жилийн дотор утаа, агаарын бохирдлын асуудлыг шийдвэрлэх боломжгүй. Тиймээс энэ асуудал шийдэгдтэл амны хаалт тараах ажлыг зохион байгуулна гэж бодож байна” гэв.

“Мичид Хүслэн” компанийнхан япон улсын технологиор туршилтын журмаар “Зэсхэн” амны хаалтыг үйлдвэрлэж байгаа. Энэ ажлаа цаашид улам эрчимжүүлж, нийт бараа бүтээгдэхүүнийхээ гуравны нэгийг хандивладаг зарчмаасаа ухрахгүйгээр ажиллана гэж ярилаа.                        Сайн үйлс дэлгэрэх болтугай.