Quotes by TradingView

Улс төрийн өрсөлдөөн буюу учир битүүлэг шатрын нүүдэл

Сүүлийн үед олны анхаарлыг татаад байгаа нэг асуудал нь Үндсэн хуулиа өөрчлөх тухай эрх баригчдын гаргаж буй санал шийдвэрүүд. Удахгүй болох гэж буЙ Ерөнхийлөгчийн сонгуулий өмнөхөн энэ мэт асуудлаар өөр хоорондоо мэтгэлцэж байгаа тэдний хувьд хэтийн бодлогоо хялбархан гэгч нь харуулаад авсан гэлтэй. Парламентийн засаглалаа төгөлдөржүүлж, шинэ Ерөнхийлөгчөө сонгох хүсэл сонирхолтой байгаа МАН-ын хувьд ард түмний сонголтыг төдийлөн ойшоохгүй байгаа нь үнэн. Мэдээж хэрэг, эрх барьж байгаа намын хувьд дийлэнх олноороо буюу 66 гишүүн энэ сонгуульд автоматаар кноп дарна гэсэн үг.

Тэгвэл бүх ард түмний сонголтоор улс орныг удирдах эрхийг шууд нэг хүнд шилжүүлэх буюу Ерөнхийлөгчийн засаглалтай болгох асуудлыг цөөнгүй хүмүүс дэмжиж эхэлжээ. Тэдний хувьд “Шуудайд хийсэн үхрийн эвэр шиг тус тусынхаа үзэл бодол, эрх ашгийн төлөө зүтгэж байгаа 76 хүнд хариуцлага тооцох гэж зүдэрч сууснаас нэг хүний санал шийдвэрийг дагаж, үүрэг хариуцлагыг нь тохоон томилох цаг ирсэн” хэмээн ярьж байгаа аж. Үнэхээр ч өнгөрсөн он жилүүдийн хувьд улс орны эрх ашигт сөргөөр нөлөөлсөн оновчгүй шийдвэр, алдаатай бодлогуудаас гадна хувийн ашиг сонирхлоо эрхэмлэсэн энэ олон улстөрчөөс ард иргэд нь залхаад байгааг нуух юун. Өөрсдийн бизнес, ашиг сонирхлыг илтэд дэмжсэн элдэв янзын хууль тогтоомж гаргаж, эгэл түмнээ дорд үзсэн тэдэнд тохох хариуцлага алга гэдгийг наад захын хүн хэлэх байх. Тиймдээ ч, парламентийн засаглалаас сонгогдсон бэлгэдлийн шинжтэй Ерөнхий сайд, Ерөнхийлөгчтэй болохыг хүсэх нь юу л бол… Үүнийгээ дагаад шүүх, прокурор, хууль хүчний байгууллагууд нь Засгийн газрынхаа хараат байдалд “мөнхөд” үлдэж ч магадгүй гэх.

Юутай ч, улс орны хөгжил хийгээд эдийн засгийн чадамжаараа дэлхийд тэргүүлж байгаа Америкийн жишээг харьцуулаад үзэхэд Ерөнхийлөгчийн засаглалтай болох нь зөв ч юм шиг. Нэг хүний бодлого, нийт багаар ажиллах чадвараар дамжуулан улс орноо өөд татаж, ард иргэдийнхээ ахуй амьдралыг сайжруулах нь тал бүр тийшээ харж, талцаж суусан учир битүүлэг “шатрын нүүдэл”-ээс л дээр болов уу хэмээн үзэх хүмүүс олон байна. Нэгэнт л өөрсдийн итгэл найдвар дээр тулгуурлан сонгосон ганц хүндээ хатуухан шаардлага тавьж, үүрэг хариуцлагыг нь ямагт сануулж явах нь иргэдэд олон талын ашигтай гэж харжээ. Эрх баригч намуудын энэ мэт улс төрийн бодлогын өрсөлдөөнөөс чухам ямар үр дагавар гардгийг эрхбиш иргэд өөрсдөө мэдэх болохоор цаашид хэрхэхээ тунгаана биз ээ.