Quotes by TradingView

Увс аймагт цэцэрлэг хүрэлцэхгүй байна

74356

Увс аймгийн хэмжээнд энэ жил 7400 гаруй хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдах ёстойгоос 20 орчим хувь нь цэцэрлэгийн хүртээмжгүй байдлаас үүдэн сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж чадахгүй болжээ.

Өнгөрсөн хичээлийн жилд нэг бүлэгт ойролцоогоор 40-45 хүүхэд авч байж сургуулийн өмнөх насны хүүхдүүдийн 82 хувийг цэцэрлэгт хамруулсан байна. Улаангом сумын хэмжээнд гэхэд сургуулийн өмнөх насны 2560 гаруй хүүхэд байгаа бөгөөд төрийн өмчийн ес, хувийн дөрвөн цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байна. Нэг бүлэгт хүүхэд хэтрүүлэн авснаар цэцэрлэгийн ачаалал нэмэгдэх, багш ажилчдын хүрэлцээ муудах, цаашлаад хүүхдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх, сурч хүмүүжих боломж нь хумигдах гэх мэт олон бэрхшээл тулгардаг аж. Хүүхдийн цэцэрлэгийн ачааллыг бууруулахаар Улаангом сумын 9-р багт 75 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэг шинээр барьж байна. Гэвч цэцэрлэгүүдийн ачаалал буурахгүй, байдал өмнөх хэвээрээ үргэлжлэх хандлагатай байна хэмээн аймгийн Боловсролын газрын мэргэжилтэн Б.Сарантуяа мэдээллээ. Аймгийн Боловсролын газраас 10 заалт бүхий зөвлөмж гаргаж бүх цэцэрлэгүүдэд хүргүүлжээ. Ирэх жил 1-р ангид орох 5 настай хүүхдийн судалгаа гаргаж, сургуулийн өмнөх боловсролд бүрэн хамруулах, ялангуяа малчдын хүүхдийг орхигдуулахгүй байх, хоёроос доош насны хүүхдийг цэцэрлэгт хамруулахгүй байх, хүүхдийг цэцэрлэгт авахдаа эцэг эхээс нь шан харамж авахгүй байх гэх мэт 10 зөвлөмжийг аймгийн төвийн болон сумын цэцэрлэгүүдэд хүргүүлсэн байна.

Эх сурвалж : medee.mn