Quotes by TradingView

Т.Лхагвасүрэн: 13-хан настай охиныг минь хүчирхийлж, хэрцгийгээр хөнөөчихлөө

Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг *Очир* төвийн зочид буудлын өрөөнд энэ оны наймдугаар сарын 22-23-ны шилжих шөнө 13 настай М охин амиа алдсан хэрэг гарсан юм. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс урьдчилсан байдлаар охиныг архины хордлогод орсон гэх  дүгнэлт гаргажээ. Энэ хэрэгт охиныг буудалд дагуулж орсон хоёр залууг сэжиглэн эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм. Тэднийг бага насны хүүхэд хүчиндсэн гэх зүйлчлэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй бөгөөд охины амийг хөнөөсөн хэрэгт буруутгаагүй байна.

Талийгаачийн аав Т.Лхагвасүрэнтэй болсон явдлын талаар ярилцлаа.


-Хэрэг явдал яг юу болсон юм бэ. Яагаад ийм зүйл болчихов?

-Манай охин наймдугаар сарын 22-ны өдөр 16 цаг 30 минутад гэрээсээ гараад 16 цаг 54 минутад ээж рүүгээ залгасан байгаа юм. *Ээж би таны ажил руу чинь очиж байна* гэж ярьсан байдаг. Тэгэхэд ээж нь *Наанаасаа такси аваад хүрээд ир. Хоёулаа хамт ажил дээр сууж байгаад явъя* гэж хэлсэн юм билээ. Түүнээс хойш Амарболд гэдэг манай хажуу хашааны залуу тааралдаад утсыг нь шүүрээд зугтсан байдаг. Талийгаач маань утасныхаа араас гүйгээд,  Амарболд нь нэг дэлгүүр дээр очоод нөгөө нэг этгээдтэйгээ хамт хоёулаа болж байгаа нь харагддаг. Тэр найз нь одоо хэрэгт шалгагдаж байгаа Жавхлан. Энэ бүгдийг би сүүлд нь камерын бичлэгээс олж авсан.

Тэгээд миний охинтой гурвуулаа нэлээн удаан юм ярьж байгаад микро ирэхээр суугаад явсан байдаг. Түүнээс хойш арван минутын дараа л хэрэг болдог зочид буудал руу орсон. Очир төв нь манайхаас хоёрхон буудал газар. Зочид буудал руу гурвуулаа ороод Жавхлан гэдэг нь буудлын төлбөр тооцоо, өрөөний түлхүүр аваад ирэх хооронд талийгаач охин маань тэр Амарболдтой хамт шатан дээр хүлээж байгаад гурвуулаа хамт өрөөнд орж байгаа нь буудлын бичлэгт үлдсэн байдаг. Энэ хоёр нөхөр утсыг нь авчхаад хоорондоо дамжуулаад зугтаагаад байсан юм байна лээ. Манай тэндхийн нэг залуу *Талийгаачийн утсыг авчихаад хоорондоо дамжуулаад өгөхгүй байсан* гэж хэлсэн.

-Буудалд орох үедээ охин тань утсаа авсан байсан болов уу?

-Буудалд орох үедээ бол охин маань утсаа авчихсан бариад орж байгаа нь харагддаг. Гэхдээ миний охиныг юу гэж хуурч буудалд авч орсныг мэдэхгүй. Амарболдынхтой олон жил хөрш айл байсан юм болохоор итгэж орсон байх л даа. Нэг л юм хэлж дагуулж орсон байх. Түүнээс миний охин тэгж хүн дагаж буудлаар орох хүүхэд биш.

Охин маань тэр өрөөнд ороод хаалга хаасан цагаас эхлээд л хүний эрхэнд орчихсон байгаа юм. Тэнд эцэг эх рүүгээ утсаар ярих эрх байхгүй. Орилох ч эрхгүй болсон. Нөгөө хоёр нь буудалд орохдоо нэг шил архи аваад орсон гэж байгаа юм. Өрөөний хаалга хаагаад ам руу нь архи цутгасан уу, эсвэл орилж чадахгүй болтол нь зодсон уу. Аль нэг нь болсон байх. Буудлынхан бол ерөөсөө дуу чимээ гараагүй гээд яриад байгаа юм. Бид тав, арван минут болоод эргэж байсан ухааны юм ярьдаг. Гэтэл тэр камерын бичлэгт ямар ч тийм зүйл байхгүй. Тэр хэдийг  өрөөнд орсноос нь хойш буудлын зүгээс нэг ч хүн ороогүй, очоогүй. Анх буудлынхан оруулахдаа *Яагаад буудалд бага насны хүүхэд дагуулж орж байгаа юм* гэж асуугаагүй байгаа юм.

Энэ хугацаанд эхнэр бид хоёр хоорондоо байнга утасдаж асууж сурагласан. Тэгээд 21 цаг 30 минут хүртэл хүлээгээд ирэхгүй болохоор нь *Ямар нэгэн юм боллоо. Хоёулаа уулзая* гээд эхнэртэйгээ уулзаад Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст очиж мэдэгдсэн. Өмссөн хувцас, шинж тэмдэг, нас хүйс гээд бүх зүйлийг нь бичиж өгч тэмдэглүүлсэн. Тэгсээр байгаад шөнө болсон.

-Мэдээж энэ хугацаанд охин руугаа утасдаж байсан байх. Ямар нэгэн хариу өгч байсан уу?

-Бид шөнө охиныхоо утас руу залгахаар дуудаж байгаад л тасраад, холбогдох боломжгүй болчихоод байсан. Тэгээд тэр шөнө бид охиндоо санаа зовоод унтаж чадаагүй.  Өглөө эрт ээж нь охин руугаа *Миний үр утсаа авал даа. Ээж рүүгээ залгаарай* гээд мессэж бичсэн. Ямар ч хариу ирээгүй.

-Анх яаж хэргийн талаар мэдсэн вэ?

-Тэгээд өдөр нь хоёр цагийн үед ээж маань над руу залгасан. *Хоёр цагдаа манай дээд хашааны Амарболдыг дагуулаад ирлээ. Хүүхдийг чинь ямар ч байсан олсон. Эцэг эхтэй нь уулзах хэрэгтэй байна гэж байна. Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс дээр яваад оч* гэсэн. Манайд тэр үед цагдаа нар ирсэн юм билээ. Охиноо ямар ч байсан эсэн мэнд оллоо доо гэж бодоод баярласан. Тухайн цагдаагийн хэлтэс дээр очиход *Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байдаг *Очир* төвд хүн сэрэхгүй, босохгүй, үхсэн амьд нь мэдэгдэхгүй байна гэсэн дуудлага өдөр 13:00 цагийн үед цагдаагийн хэлтэст ирж, хоёр цагдаа очиж шалгахад хүүхэд нас барсан байдалтай  байсан. Шүүх эмнэлгээр ороод юунаас болж амиа алдсаныг шалгаж тогтоохын тулд цогцсыг явуулсан байгаа* гэж хэлсэн. Анх ийм мэдээ сонсоход үнэхээр хэцүү юм билээ.

Тэгээд *Шүүх эмнэлэг дээр очоод цогцос таниадах. Охин чинь мөн байна уу, үгүй юу* гэсэн. Тэгээд Шүүхийн шинжилгээний хүрээлэн дээр очоод цогцсыг үзэх гэтэл үзүүлээгүй. *Задланд орж байгаа. Хэргийн газар авсан зургийг үз* гээд үзүүлсэн. Миний охин мөн байсан. Нүүр амыг нь танигдахгүй болтол нь зодсон, уруул нь хавдаад, хамар нь мурийгаад, нүүр нь цус нөж болсон байна лээ. Тийм зураг үзүүлсэн. Анх тэгж л мэдсэн.

-Талийгаачийн үхлийн шалтгааныг шинжилгээгээр яг юу гэж тогтоосон юм бэ?

-Үхлийн шалтгаан нь архины цочмог хордлогоос болж амиа алдсан гэсэн дүгнэлт гарсан. Задлан шинжилгээгээр дөрвөн газар цус харвасан байгаа юм. Хүзүүний эрээн булчин, уушиг, нойр булчирхай, тархи гэсэн дөрвөн газар цус харвасан байна. Уушгинд цус харвасан гэдэг нь гаднын нөлөөтэй, амьсгалах аргагүй битүү орчинд байснаас л цус харвасан байж таарна. Зүрхэнд цус шахах үүрэгтэй эрхтэн шүү дээ. Амьсгаа авах ямар ч чадамжгүй байсан учраас цус харвасан байх гэж би таамаглаж байгаа юм. Энэ талаар шинжээч эмч нараас хэргийг шалгаж буй цагдаагийнхан мэдээлэл авсан юм байна лээ. Нойр булчирхайд нь мөн цус харвасан.

Тэгэхээр тэр хүзүүний цус харвалт гэдэг бол заавал гаднын нөлөөтэйгөөр хүзүүний арьсан цаадах цус харвалт өгсөн байна гэж байгаа. Задлан шинжилгээгээр хүзүүнд нь зүсэлт хийсэн байна лээ. Тэр хүзүүний харвалт гэдэг нь гаднаас тодорхой хэмжээний цохилт өгсөн ч юм уу тохиолдолд харвалт өгдөг юм байна. Бид шүүх эмнэлгийн дүгнэлт гарч байх хооронд зүгээр байгаагүй. Нарийн мэргэжлийн эмч, эрхтэн дагнасан эмч нараас нэлээн асууж явсан. Тэгэхээр хүзүүний цус харвалт гэдэг нь заавал гаднын нөлөөтэйгөөр бий болдог эд юм байна. Уушигны цус харвалт нь гэнэт амьсгаа авч болохгүй байдалд хүрэх, тухайлбал архи ам руу цутгах нөхцөлд үүсэх боломжтой гэж байгаа. Нарийн мэргэжлийн эмч нараас асуухад ийм ойлголттой болсон. Нойр булчирхайн хувьд бол их хэмжээний архи цутгалттай, цусанд нь нөлөөлж харвалт өгсөн.

Шүүх эмнэлгийн дүгнэлтээр гаднын ямар нэгэн шарх сорвигүй гэж гарсан. Гэтэл тэгж их зодуулсан байтал ингэж дүгнэлт гаргаж байгаа нь үнэхээр харамсалтай байна. Би үүнд үнэхээр эсэргүүцэж байгаа. Зургийг нь хараад төрүүлсэн эх бид хоёр нь танихгүй байна гэхээр ямар байсан нь ойлгомжтой шүү дээ.

-Шинжилгээгээр архины цочмог хордлогоос болж амиа алдсан гэж тогтоосон гэж байна. Хэр хэмжээний архи, согтууруулах ундаа биеэс нь илэрсэн юм бол?

-Шинжилгээгээр ходоодонд нь спиртийн хэмжээ маш өндөр үзүүлэлттэй гарсан байгаа юм.  Үзүүлэлтийг нь нарийн хэлмээргүй байна. Бараг нэг шил архи ам руу нь цутгачихсан юм байна лээ дээ. Шинжилгээний дүгнэлтийг үзэхэд тэгж ойлгогдож байгаа юм. Тасраад унангуут нь зодож нүдсэн бололтой. Хамар нь мурийгаад, уруул нь сэтрээд цус нөжтэй нь хутгаад, хүчирхийлээд охин минь аль муугаа л үзсэн юм байна лээ.

-Та талийгаачийг задлан шинжилгээнд ороогүй байхад нь үзсэн үү?

-Үзээгүй. Зургийг нь л харсан.

-Шинжилгээ хийсэн, дүгнэлт гаргасан ямар хүмүүс байна. Яагаад ийм дүгнэлт гаргачихав?

-Шинжилгээ хийсэн дөрвөн хүн бий. Ар гэрийнхэнд нь таниулах ажиллагаа хийгээгүй байхад шууд задлан шинжилгээнд уг нь оруулах ёсгүй юм билээ. Хуулиндаа бол ар гэрийнхэн нь тогтоогдохгүй, олдохгүй байгаа тохиолдолд энэ хүн юуны учир амиа алдав гэдгийг тогтоох үүднээс задланд оруулдаг. Гэхдээ цогцсыг задланд оруулахад заавал ар гэрийнхнээс байлцуулдаг юм байна. Гэтэл тэгээгүйд үнэхээр харамсалтай байна. Заавал хөндлөнгийн хүн байлгаж байж задланд оруулах ёстой.

-Мөрдөн байцаалтын ажиллагаа хэр хийгдэж байгаа юм бол?

-Энэ хэрэг дээр ажиллаж байгаа цагдаагийн байцаагч маш сайн ажиллаж байгаа. Жижиг гэхгүй баримт мэдээллийг цуглуулж ажиллаж байгаа учраас хэрэг үнэн зөвөөр шийдэгдэх болов уу гэж найдаж байна. Хамгийн гол нь шүүхийн шинжилгээний дүгнэлт ингэж гарсанд харамсаж байна.

 

ТАЛИЙГААЧ ОХИНЫГ МИНЬ ГҮЖИРДЭЖ, НЭР ТӨРД НЬ ХАЛДАЖ БАЙГАА

Одоо энэ хэрэгт ямар хүмүүсийг шалгаж байгаа вэ?

Амарболд, Жавхлан хоёрт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Миний хардаж байгаагаар гурван ч хүн байсан болов уу гэж боддог. Энэ хоёр талийгаач охины минь утсыг ээлжилж бариад хүмүүс рүү ярьсан байдаг. Дандаа найз нөхөд рүү гээ ярьцгаасан байгаа юм. Ээж рүүгээ хүртэл залгаад *Хүний утас гуйгаад ярьж байна* гэсэн байдаг. Тэгэхээр ямар ч байсан өөр нэг хүн байгаа гэж харддаг. Бага насны хүүхдийг хүчирхийлсэн, түүний улмаас амиа алдсан гэх зүйлчлэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа.

-Хүний амь хохироосон гэж үзээгүй гэсэн үг үү. Зөвхөн хүчингийн гэмт хэрэг гэдгээр зүйлчилж эрүүгийн хэрэг үүсгэсэн гэж ойлгож болох уу?

-Эрүүгийн хуулийн 12-р зүйлийн 1.4 дотроо амийг нь хохироосон гэдэг нь багтаад явчихаж байгаа юм. Түүнээс хүний амь хөнөөсөн гэдэг зүйлээр тусдаа зүйл ангиар буруутгаагүй.

Манай охин сая тавдугаар сард 13 нас хүрсэн. Тийм жаахан хүүхдэд их хэмжээний архи ам руу нь цутгахад уушги, зүрх, бие организм нь дийлэхгүй шүү дээ. Тийм учраас дийлэлгүй нас барсан байх. Охиныг минь үхэлд хүргэсэн энэ хүмүүс хүний амь хөнөөсөн гэдэг зүйлчлэлээр эрүүгийн хэрэгт буруутгагдах ёстой. Дээр нь хүчирхийлсэн, зодож гэмтээсэн гээд хүндрүүлэх зүйлчлэлээр ял төлөвлөх ёстой гэж үзэж байгаа.

-Амарболд, Жавхлан хоёр нь хэдэн настай залуучууд вэ. Ямар ажил эрхэлдэг юм бол?

-20, 21 настай залуучууд бий. Амарболд бол ажилгүй. Сургууль соёл ч байхгүй. Нөгөөх нь монтел дээр гар утас засдаг нөхөр юм билээ.

-Зан характерийн хувьд ямар залуучууд вэ?

-Төлөв томоотой гэж хэлэх юу ч байхгүй. Болж өгвөл бөөнөөрөө нийлж архиддаг. Архидахаараа зүгээр байхгүй зодоон цохион хийнэ. Хүн хутгална. Амарболд ноднин хүртэл гэртээ хүн хутгалсан байсан. Нөгөө Жавхлан нь шоронд ороод гарч байсан юм билээ. Тиймэрхүү л нөхдүүд байгаа юм. Ар гэрийнхэн нь ч гэсэн үл бүтэх хүмүүс байдаг.

-Буудалд очоод хэдэн шил архи авч уусан юм бол. Буудлаас архи худалдаж авсан юм болов уу?

-Өрөөнд 75 граммын нэг Ерөөл архины шил байсан гэсэн. Тэгэхдээ хэдэн шил архи уугаад хэдийг нь цонхоор шидсэнийг мэдэхгүй шүү дээ. Буудалд ороод архи аваагүй гэж буудлынхан тайлбарладаг. Авсан ч байж магадгүй. Хүн өөрийгөө хамгаалахын тулд буудлынхан юу ч гэж хэлж болно шүү дээ. *Манайхаас ерөөсөө архи аваагүй. Өрөөнд дуу чимээ гараагүй* гэсэн байдаг.

Би буудлын хүмүүст хандаж *Та нар яагаад 13-хан настай хүүхдийг буудалд оруулж байдаг юм* гэж уурласан. Тэгэхэд *Жавхаа л тооцоо хийсэн шүү дээ* гэсэн. Тэгэхээр буудлынхан нь бүр Жавхланг таньдаг юм байна лээ.

-Амарболд, Жавхлан хоёр охиныг хүчирхийлсэн гэдэг нь шинжилгээгээр тогтоогдсон  юм уу?

-Хүчиндсэн гэдэг нь бол тогтоогдсон юм байна лээ. Хэрэгт холбогдсон хоёр хүн хэргийн ул мөрөө баллахын тулд цэвэрлэх, арчих зэрэг зүйл хийсэн байдаг. Энэ талаар ярих зүйл их байгаа ч мөрдөн байцаагчийн зүгээс мэдээлэл гаргахыг хориглож байгаа. Тийм учраас ярих боломжгүй байна.

-Буудлынхан юу гэж хэлж байх юм. Та мэдээж уулзсан байх?

-Гол нь зочид буудал нэртэй энэ газар бага насны хүүхдийг буудал руу яагаад оруулав. Оруулахгүй гэж хэлж болох байсан. Тэгсэн бол өнөөдөр миний хүүхэд амьд явах байлаа. Энэ буудлынханд их учир бий. Дуу чимээ гараагүй, юу ч болоогүй гэдэг. Гэр хороололд ер нь буудал байх хэрэг байна уу. Тогтвор суурьшилтай, гэр бүлтэй хүмүүс үйлчлүүлэхгүй шүү дээ. Ойлгомжтой л хүмүүс орно. Тэгэхээр гэр хороололд зочид буудал байх шаардлага байхгүй. Хүчингийн хэрэг, тэр тусмаа охид эмэгтэйчүүд, насанд хүрээгүйчүүдийг хүчирхийлэх гэмт хэрэг маш их өсч байна. Сард 2-3 ийм төрлийн гэмт хэрэг үйлдэгдэж байна. Улсаас яагаад арга хэмжээ авахгүй байгаа юм. Энэ хэрэгцээгүй зочид буудлуудыг яагаад байлгаад байна. Гадаад дотоодын зочид төлөөлөгчид ийм гэр хорооллын буудлаар үйлчлүүлэхгүй шүү дээ. Ямар хүмүүс ийм буудлуудаар үйлчлүүлэх нь тодорхой. Дандаа архичид, хүчирхийлэх гэсэн хүмүүс л орно. Тэгэхээр гэмт хэргийн үүр болсон ийм газруудыг бүгдийг нь хаамаар байгаа юм.

Хоёрдугаарт ийм төрлийн гэмт хэрэг удаа дараа үйлдэгдэж байхад төр засаг, эмэгтэйчүүдийн байгууллага, хүүхэд, хүний эрхийн байгууллагууд ерөөсөө ажиллахгүй байна. Нэг нь хүүхдийн төлөө, ирээдүйн эхчүүдийн төлөө дуугарахгүй байгаа шүү дээ. Яагаад арга хэмжээ авахгүй байна вэ.

-Гэмт хэрэгт холбогдсон хоёр залууг хориогүй, гадуур байцааж шалгаж байгаа гэж сонссон. Энэ үнэн үү?

-Хэрэг гарснаас хойш сар гаруй хугацаанд батлан даалтад байсан. Гадуур байцаагдаж байгаад шүүх эмнэлгийн дүгнэлт гараад хорьсон. Тэр сар гаруй хугацаа гэдэг чинь урт хугацаа шүү дээ. Энэ хооронд хоёр сэжигтэн байцаалт өгөх, хэлэх зүйлээ үгсэн тохиролцож болно шүү дээ.

Танай охиныг өөрөө архи уудаг, бараг буудал хэсдэг тухай мэдээлэл цацагдсан. Энэ яриаг хэн гаргасан юм бэ?

-Нэг сайтаас Очир төвийн захирал Оюунтуяа гэдэг эмэгтэйтэй холбогдож болсон явдлын талаар асуусан юм байна лээ. Тэр бичлэгийг сонссон. Тэр эмэгтэйн яриаг нь сонсоход, талийгаач охиныг маань хоёр гурван өдрөөр архи уугаад архинаасаа хордоод үхчихсэн юм байна лээ гэж ярьсан байсан. Захирал эмэгтэй *Талийгаач охин орой найм өнгөрч байхад ирээд *Ахтайгаа уулзая* гэж орсон. Өрөөнд нь очиход цаад хүмүүс нь *Тийм манай дүү* гэж хэлсэн болохоор оруулсан* гэж ярьсан байна лээ. Гэтэл камерын бичлэгт 17:00 цаг болж байхад тэр хоёртой буудал руу хамт орсон байдаг. Гэтэл ингэж охиныг минь өөрөө араас нь явж орсон юм шиг, олон хоног архи ууж байгаад нас барсан мэтээр хэвлэлээр бичиж байгаа нь үнэхээр харамсалтай байна.

Зүгээр нэг тийм буудлаар хэсээд яваад сурсан, хэд хоног архи уучихдаг үл бүтэх хүүхэд байсан мэтээр тэр буудлын захирал эмэгтэй ярьсан. Миний охин тийм хүүхэд байгаагүй. Арвангуравхан настай хүүхэд шүү дээ. Гэтэл тэгж гүжирдэж, талийгаачийн нэр төрд халдаж байна. Оюунтуяа гэдэг хүн хүний эх л хүн байж таараа. Гэтэл хүний нялх үр амиа алдчихаад байхад тэгж, гүтгэж доромжлоод байгаа байхгүй юу. Тийм учраас энэ буудлын эзэн эмэгтэйг шалгуулахаар цагдаагийн байгууллагад хандсан байгаа.

-Хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байгаа хүмүүс энэ буудлынхантай ямар холбоотой юм бол. Жавхланг нь буудлынхан нь таньдаг гэсэн шүү дээ?

Тэрийг бол сайн мэдэхгүй байна.

-Танай охин аль сургуульд сурч байсан бэ. Хичээл сурлагадаа хэр хүүхэд байв?

-Миний охин Баянзүрх дүүргийн Улсын тэргүүний 33-р сургуулийн наймдугаар ангид суралцаж байсан. Англи хэлний сонгоны ангид. Тавдугаар анги хүртлээ ер нь онц сурсан. Ангидаа урлаг соёлоор тэргүүний сурагч байсан юм. Ангийнхандаа тусархуу, багштайгаа их нийцтэй хүүхэд байлаа. Дунд ангид, англи хэлний сонгоны ангид ороод хичээл нь жаахан хүндэрсэн байх. Онц сураагүй ч бүр муу сурч байгаагүй. Дунд түвшний л хүүхэд байсан. Урлаг соёлоор бол сургуульдаа нэртэй, багш, ангийнхандаа хүндтэй хүүхэд байсан.

С.Оюунцэцэг: Хүчирхийлсэн гэдгээс тусдаа санаатайгаар амийг нь хөнөөсөн гэдэг зүйл ангиар зүйлчлэх ёстой

Шүүхийн шинжилгээний дүгнэлтэд санаа нийлэхгүй байгаа талаараа талийгч охины эмээ С.Оюунцэцэг дараах зүйлийг ярилаа.

Задлангийн шинжилгээ, шүүх эмнэлгийн дүгнэлтэд умайн хэсэгтэй холбоотой анхаарал татах нэг асуудал бий. Би эмэгтэйчүүдийн тэргүүлэх зэргийн эмч нартай уулзаж зарим зүйлийг асуусан. Тэгэхээр 13-тай хүүхдийн шинжлэх ухаанаар нотлогдсон умайн хэмжээ 3 – 3.2 диаметртэй жижигхэн байдаг юм байна. Гэтэл энэ задлангийн эмч болохоор охиныг минь умайн хэмжээ нь 7 диаметртэй байна гэж гаргасан байгаа байхгүй. Тогтворжсон амьдралтай, бэлгийн харьцаанд байнга ордог, нэлээн хэд төрсөн эмэгтэйн умайн хэмжээ дээд тал нь диаметр нь зургаа, зургаа гарантай байдаг гэнэ. Гэтэл бүр талийгаачийг маш том хэмжээстэй болгоод биччихсэн. Тэгэхээр энэ нь шинжлэх ухаанаас нотлогдсон хэмжээнээс хамаагүй том хэмжээ тавьсан нь наадах чинь үнэхээр инээдтэй, үндэслэлгүй зүйл байна гэж эмэгтэйчүүдийн эмч нар хэлсэн. Уг нь задлангийн эмч нар мэргэшсэн сайн эмч нар байх ёстой. Гэтэл эмэгтэйчүүдийн үзлэг талдаа үнэхээр 00 хүн байна лээ. *Ийм хэмжээ тавьчихаад, хүний амь амьдрал шийднэ гэж юу бодож суудаг байна* гэж эмч нар маань хэлж байна лээ. Энэ дүгнэлтийг гаргасан хүн нь Дорноговь аймгийн Анагаахын дээд төгссөн. Нэг их туршлагажиж, энэ том улсын чухал местэн дээр ажиллах болоогүй цөөхөн жил ажилласан хүн байна лээ.

-Та шүүхийн шинжилгээний дүгнэлтэд итгэлгүй байгаа юм байна. Бие эрхтэн нь олон газар харвалт өгсөн байсан гэсэн. Энэ тухайд эмч нар юу гэж байх юм?

-Шүүхийн шинжилгээний дүгнэлтэд үнэхээр бид санал нийлэхгүй байна. Дотрын гурван гол эрхтэн харвалт өгсөн тохиолдолд аминд нөлөөлөхгүй гэж үгүй. Баянзүрх дүүргийн цагдаагийн байцаагч залуу хэлж байсан л даа. *Хүн нас барсан үедээ бие нь хөөх, хавдах, үхлийн толбо гарах зэрэг өөрчлөлт гардаг. Түүнийг хөхрөлт гэж бодоод байгаа юм биш биз. Тийм өөрчлөлт энэ тэр гардаг шүү дээ* гэж байсан. Үхлийн толбо амиа алдсан хүнд гардаг. Би 60 гарсан хүний хувьд олон хамаатан садан, эцэг эхээ алдаж үзэж, гашуун амьдрал туулсны хувьд хөхрөлт, үхлийн толбо хоёрыг ялгана. Хоёрдугаарт *Үхлийн толбо байлаа гэхэд үхлийн сэтрэлт, үхлийн цөмрөлт гэж байхгүй. Уруулын сэтрэлтийг үхлийн сэтрэлт гэж хэлэх гэж байна уу чи. Тийм юм байдаггүй байхгүй юу* гэж би тэр цагдаад хэлж байсан. Тэгэхээр гаднын нөлөө бий болсон гэдэг зүйлийг эхний хэрэг бүртгэлд, задлангийн шинжилгээ эхнээсээ *но* орсон гэж бид сэжиглээд байна.

Миний охин архи ууснаараа нас барсан юм биш. Хэрэг үүссэнээс эхлүүлээд, автобусны буудлаас утсыг нь авч зугтаж, хоёр хэрэгтэн үгсэн тохирч зочид буудал руу авч орсон, архи согтууруулах ундаа хүчээр өгсөн, хүчирхийлсэн гээд бүх үйл явц дуусан дуустал зохион байгуулалттайгаар явсаар амийг нь бүрэлгэсэн гэдэг нь тодорхой байгаа юм. Яагаад тэр этгээдүүд ээж рүүгээ миний охины утсаар холбоо бариад байсан хэрнээ бидэн лүү холбоо барьж болдоггүй юм. Яагаад түргэн дуудаж болоогүй юм. Гэмт хэрэгтнүүд *Анхнаасаа энэ охиныг бид хүчиндчихсэн. Ингээд дуусгая* гэсэн үгсэн хуйвалдсан байх магадлалтай байгаа. Хүчирхийлсэн гэдгээс тусдаа санаатайгаар амийг нь хөнөөсөн гэдэг зүйл ангиар зүйлчлэх ёстой гэж бодож байна.

Эх сурвалж: ZINDAA.MN

  • Hello, guest
  • Зэвүүн новшнууд хүүхдэд утсыг чинь өрөөнд орвол өгнө гэсэн байх даа