Quotes by TradingView

Тосонбумбын нуруу Сангийн сайдын “тусламжтайгаар” Хятадуудын гарт оров уу

Улсын тусгай хамгаалалттай бүсэд Сангийн сайдын компани олборлолт явуулах болжээ

choi
Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчийн 2010 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн хурлаар Тост, Урт, Гоёот багийн нутаг болох 668912 га талбай бүхий Тосон Бумбын нурууг “Орон нутгийн хамгаалалттай газар” болгосон байдаг. Улмаар 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Тосон Бумбын нурууг улсын тусгай хамгаалалтад авах тухай тусгасан “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” тогтоолын төслийг хэлэлцэж баталсан байдаг.

Өөрөөр хэлбэл Тост, Тосон Бумбын нуруу нь Монгол Улсын тусгай хамгаалалттай газар, Орон нутгийн хамгаалалттай газар юм.

Тосон Бумбын нуруу нь аймгийн төв Даланзадгад хотоос баруун зүгт 308 км зайд, Гурвантэс сумаас баруун тийш 40 км зайд, Гурвансайханы байгалийн цогцолборт газрын хилээс 25 км зайд, өмнө талаараа улсын хилд тулж, хойд талаараа Нэмэгтийн нуруу болон Алтан уул зэргээс өргөн хөндий, хоолойгоор тусгаарлагдан оршдог. Алтайн нурууны зүүн төгсгөл, Говийн Алтайн нурууны салбар болох Тостын нуруу нь Монгол оронд төдийгүй дэлхийд ховордож улаан дансанд орсон цоохор ирвэсийн өндөр нягтшилтай идээшин амьдардаг цөөн нутгийн нэг бөгөөд судлаачдын үзэж буйгаар энэ нь дэлхийн хэмжээнд цоохор ирвэсний онцгой амьдрах орчин болж буйгаараа чухал ач холбогдолтой юм. Тиймээс Де Нэйчэ Консерванси Олон Улсын байгууллагаас Монгол орны өмнийн говьд экологийн бүс нутгийн үнэлгээ хийсэн бөгөөд хамгаалалтад авах зайлшгүй шаардлагатай, экологийн хувьд чухал ач холбогдолтой газрын тоонд Тост, Тосон Бумбын нуруу орсон байна.


Гэвч эрчимтэй хөгжиж буй уул уурхайг дагасан хор хөнөөл байсаар л байна. Тодруулбал, Улсын тусгай хамгаалалттай Тосон Бумбын нуруунд өнөөдөр хайгуулал, ашиглалтын 21 тусгай зөвшөөрөл олгогдож, 13 хайгуул, 3 ашиглалтын тусгай зөвшөөрлийн дагуу 12 аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж, экологийн тэнцвэрт байдлыг алдагдуулж, нэн ховорт тооцогдох цоохор ирвэсийн амьдрах орчинг үгүй хийж байна. Эдгээр байгууллагуудын дунд Монгол Улсын Сангийн сайд Б.Чойжилсүрэнгийн компани ашиглалтын зөвшөөрөлтэйгөөр хамгийн их талбайд олборлолт явуулахаар болж байгаа юм байна.

Сангийн сайд Б.Чойжилсүрэн Хятадад ямар зорилгоор айлчлав

Саяхан УИХ-ын дарга М.Энхболд, Сангийн сайд Б.Чойжилсүрэн тэргүүтэй албаны хүмүүс БНХАУ-д айлчилсан. Тэд энэ үеэрээ Хятадын Засгийн газрын төлөөлөгчтэй уулзаж зээл тусламжийн асуудлыг хэлэлцснээс гадна Төвд ламд мөргөж, буян заяагаа даатгасан гэх мэдээллийг эх сурвалж өгч байлаа. Үүнийг хувь хүний сүсэг бишрэлтэй холбоотой асууудал гээд түр орхие.

Харин Сангийн сайд албан ажлын хажуугаар амин хувийн асуудлаа ч бас амжуулаад авсан тухай мэдээлэл чих дэлслээ. Тодруулбал, тэрээр БНХАУ-ын “Бирүн” группийнхэнтэй ганцаарчлан уулзалт хийж, нухацтай ярилцаж, гэрээ хэлэлцэл хийхээр болсон гэнэ. “Бирүн” групп нь нүүрс тээвэрлэх үйл ажиллагаа эрхэлдэг. Монгол Улсын хууль тогтоомжийг удаа дараа зөрчиж байсан тухай мэдээлэл хэвлэлээр гарч байсан.

Тэгвэл Сангийн сайд Б.Чойжилсүрэн “Бирүн” группийн удирдлагуудтай хамтран ажиллах тухай гэрээ хэлэлцээр хийсэн байх юм. Ингэснээр Монгол Улсын Тусгай хамгаалалттай газар нутагт Хятадын компани ажиллах нөхцөл бүрдэж эхэллээ гэж ойлгож болохоор байна.

Журмын нөхөд нь Сангийн сайдыг огцруулах тухай ярьж эхлэв

Ийм гэрээ хэлцэл болсныг Б.Чойжилсүрэнгийн намын нөхөд нь гадагш мэдээлж байгаа юм. Мөн түүний эрх мэдлээ урвуулан ашиглаж, дур зоргоороо аашилж байдлыг зүгээр хараад суухыг хүсээгүй журмын нөхөд нь түүнийг огцруулах тухай асуудлыг хөндөж эхэллээ. Мэдлэг чадвар султай, улс орны эдийн засгийн салбараа уналтаас гаргаж чадахгүй байгаа зэрэг олон асуудал бий ч төрийн өндөр албан тушаал, эрх мэдлээ ашиглаж, хувийн ажлаа амжуулж яваа нь ч огцрох шалтгаан болсон гэж журмын нөхөд нь үзсэн бололтой юм. Намын бүлгийн хурал дээр ч энэ асуудал яригдаж, Б.Чойжилсүрэнд хатуухан анхааруулга өгсөн гишүүд ч байсан гэнэ.

Хэрвээ Б.Чойжилсүрэн Сангийн сайдын албан тушаалаасаа огцорвол яах вэ

Төрийн тусгай хамгаалалттай Тост, Тосон Бумбын нуруунд Сангийн сайд Б.Чойжилсүрэнгийн оролцоотойгоор “Хятад шаахай”-н мөр гарч эхэлвэл Сангийн сайдыг суудлаас буулгах асуудал ч багадна. Цаашлаад албан тушаалаа урвуулан ашигласан гэх түүнийг үндэслэлээр шалгаж, асуудал үүсгэсэн ч болох юм.

Түүнчлэн байгалийн өвөрмөц тогтоц бүхий улсын тусгай хамгаалалттай газарт Хятадууд дур зоргоороо аашилж, олборлолт явуулахыг Өмнөговьчууд, цаашлаад Монголын ард түмэн дургүйцэж, эсэргүүцэх нь ойлгомжтой. Тийм ч амархан олборлолт явуулж, Тосон бумбын баялагийг урагш зөөчихгүй л байх гэж найдаж байна. Цаашлаад Сангийн сайд “асуудал”-д орж, албан тушаалаасаа буувал түүний компанид хөрөнгө мөнгөө оруулж, гэрээ хэлцэл хийсэн Хятадын компани нь “шатах” магадлалтай гэдгийг харин энд хэлэх байна. Түр бүү зарим эх сурвалжийн хэлж буйгаар Б.Чойжилсүрэн сайд Тусгай хамгаалалттай газарт авсан лицензээ Хятадуудад “зарж” байгаа нь угаас тэнд ашигт малтмалын олборлолт явуулах боломжгүй гэдгээ олж мэдээд өөрийн албан тушаалаа ашиглан Хятадуудад итгүүлэн анхнаасаа тэднийг залилах зорилготой байсан юм биш биз гэж хардахад хүргэж байна.

Өмнөговь аймгийн иргэн Ц.Дагдан