Оюутолгойг 2021 оноос эрчим хүчээр хангаж амжих уу?

212

Засгийн газрын өнчигдрийн хуралдаанаар Таван толгой цахилгаан станц төслийн хөрөнгө оруулалтын гэрээг хэлэлцэхээр төлөвлөөд байсан ч гэрээтэй холбоотой жижиг цаасны ажил нь дуусаагүйгээс хойшлуулжээ. Гэхдээ эл асуудал ирэх долоо хоногийн даваа гаригаас хэтрэхгүйгээр Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэгдэх юм байна.

Гурван жилийн өмнө Монгол Улсын Засгийн газар Таван толгойн нүүрсний ордыг түшиглэн 450 МВт-ын хүчин чадалтай Таван толгойн цахилгаан станц барих тогтоолыг баталсан юм.

Зэсийн асар их нөөцтэй Оюутолгой орд нь эдийн засгийн эргэлтэд орж, хөдөлсөн ч эрчим хүчнийхээ хэрэглээг импортоор авч хангаж буй. Энэ нь асар их валют гадагшаа урсах нөхцөлийг бий болгосоор байгаа юм.

Таван толгой цахилгаан станц баригдаж ашиглалтад орсон нөхцөлд өмнийн говийг эрчим хүчээр хангаж эхэлнэ. Ингэхдээ Оюутолгой орд нь Таван толгой цахилгаан станцын гол хэрэглэгч болох юм. Бэлтгэлийг нь хангаж Монгол Улсын Засгийн газар, Оюутолгой компанийн хооронд гэрээ ч байгуулагджээ. Уг гэрээнд зааснаар 450 МВт-ын 260 МВт цахилгааныг Оюутолгой авч ашиглана.

Таван толгой цахилгаан станцын Техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулах шатанд 1 тэрбум орчим долларын хөрөнгө оруулалт шаардлагатай гэсэн урьдчилсан тооцоо гарсан байна. Үүн дээр цахилгаан дамжуулах шугамын өртөг нэмэгдэнэ.

Оюутолгойн Техник эдийн засгийн үндэслэлд 450 МВт станц барихад 960 гаруй сая ам.доллар шаардлагатай гэсэн тооцоо гарч байсан аж. Энэ бол 2009 оны үед гарсан тооцоо юм.

Таван толгой цахилгаан станц баригдаж, өмнийн говийг эрчим хүчээр хангаж эхэлсэн нөхцөлд том ордуудыг түшиглэн байгуулагдах дагалдах үйлдвэрүүд эрчим хүчний дутагдалд орохгүй, Таван толгой цахилгаан станцаар хангах боломжтой болно. Илүү эрчим хүчээ төвийн эрчим хүчинд зохицуулалттай үнээр нийлүүлэх боломж ч байгаа аж. Мөн Өвөр монгол руу тус цахилгаан станцын эрчим хүчийг экспортлох боломжтой юм байна. Ингэсэн нөхцөлд Монгол Улс эрчим хүч экспортлогч орон болж хувирна.

Таван толгой цахилгаан станцыг 2021-2022 онд ашиглалтад оруулна гэж үзэж байна.

Таван толгой цахилгаан станцыг барихтай холбоотойгоор Төслийн нэгж байгуулагджээ. Тус нэгж өнгөрсөн 2 жил гаруйн хугацаанд ажиллаж, мөн үе шаттай сонгон шалгаруулалт зарласнаар энэ оны хоёрдугаар сард Таван толгойн цахилгаан станцын хөрөнгө оруулагч шалгарсан байна.

Дэлхий дахинд эрчим хүч үйлдвэрлэгч томоохон 20 гаруй компанид санал хүргүүлснээс эцсийн шатанд Японы “Марубени” корпораци шалгарсан нь энэ аж. Тус корпораци дэлхийн 22 оронд нийт 34870 МВт суурилагдсан хүчин чадал бүхий цахилгаан станцыг эзэмших, ашиглалтын үйл ажиллагаа явуулдаг дэлхийн томоохон эрчим хүч үйлдвэрлэгч компани юм байна.

УИХ-аас баталсан хууль, мөн бусад дүрэм журмуудаар эрчим хүчний үйлдвэрлэгч эх үүсвэр нь хувийнх байх боломжтой бол түгээлт ч мөн хувийн хэвшилд хамаарч болох аж. Харин дамжуулалт нь төрд байх боломжтой юм байна. Дэлхийн жишгээр цахилгаан станцын эх үүсвэрийг хувийн хэвшлүүд хийдэг болсоор уджээ.