Quotes by TradingView

НИТХ-ЫН ДАРГААР С.АМАРСАЙХАНЫГ СОНГОЛОО

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НИТХ-ын даргаар Сайнбуянгийн Амарсайхан сонгогдлоо.
НИТХ-ын ээлжит хуралдаанаар нууц санал хураалт явуулж шинэ даргаа тодрууллаа. Хуралдаанд оролцсон нийт 41 төлөөлөгчөөс С.Амарсайхан 21 буюу 51.2 хувийн санал, Д.Баярсайхан 19 буюу 46.2 хувийн санал авчээ.  Санал хураалтын дүнг үндэслэн олонхын санал авсан С.Амарсайханыг НИТХ-ын даргаар томилох тогтоолын төслийг НИТХ-ын ээлжит хуралдаанаар санал хураалгаж 70 хувь дэмжсэнээр баталлаа.

НИТХ-ын дарга С.Амарсайханд Ц.Сандуй тамга, тэмдгийг нь гардуулан өгснөөр бүрэн эрх нь хэрэгжиж эхэллээ.

С.Амарсайхан нь  1973 оны зургадугаар сарын 13-нд төрсөн. 1981-1991 онд Налайхын бага, дунд сургууль, 1994-1996 онд АНУ-ын Пресно хотын коллеж, 1996-1998 Ютa мужийн Коллеж, 1998-2000 онд Соут Вест Их сургуульд суралцаж төгссөн. Эрх зүйн магистр зэрэгтэй.

1992-1993 онд Монгол Улсын Шинжлэх Ухаан, Мэдээлэл Технологийн Төвийн ажилтан, 2000-2004 онд Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин Сайдын Яамны Консулын ажилтан, атташе, 2004-2007 онд *Американ Трейд & Девелопмент* компанид гадаад худалдааны менежер, 2007 оноос *Оюуны Ундраа Групп* ХХК-ийн Гүйцэтгэх захирал, Ерөнхий захирал, ТУЗ-ын даргаар тус тус ажиллаж байна.

2012 оноос хойш НИТХ-ын Төлөөлөгчөөр 2 дахь удаагаа сонгогдон ажиллаж байгаа. Энэ хугацаанд НИТХ-ын Тэргүүлэгч, Хот байгуулалт, дэд бүтцийн хороо, Санхүү, Төсөв, эдийн засгийн хороо болон *Ухаалаг Улаанбаатар* Хөгжлийн хорооны гишүүн, Нийслэлийн Авто Худалдааны төвийн ТУЗ-ын гишүүнээр ажиллаж ирсэн бөгөөд 2016 оноос НИТХ-ын Санхүү, Төсөв, эдийн засгийн хорооны дарга, өмч хувьчлалын комиссын гишүүнээр тус тус ажиллажээ.

  • Hello, guest