Quotes by TradingView

Дэлхийн зөн ОУБ-ын Хэнтий ОНХХ-ийн 15 жилийн ойд ГАЗАР ДЭЛХИЙ НЬ АЧ БУЯНАА ӨГЧЭЭ

14199578_1761199684139211_7166175571535875479_n

Дагвын Осоржамаагийн амьдралын түүх унаж босч уруудаж өгссөн замналтай. Тэр бол Мөрөн сумын жирийн малчин айлын 13 хүүхдийн ууган охин. Амьдралын хар ухаанд нялхаараа суралцаж хатуужиж өссөн тэрбээр дунд сургууль төгсөөд шууд худалдааны байгууллагад худалдагчаар ажиллаж эхэлсэн үе бол 1979 он. Худалдаанд 10 гаруй жил ажилласан 28 настай залуу бүсгүйг зах зээлийн шуурга тойроогүй дайрсан нь тодорхой. Аливаад шаргуу зоримог тэрбээр улсын гэх тодотголтой нэгэн дэлгүүрийг хувьчилж авч 1994 онд “Боржигон” нэртэй аж ахуйн нэгж байгуулав. Энэ үе бол манай улс зах зээлд шилжээд дэлгүүрийн лангуунд давснаас өөр юмгүй болсон цаг байлаа. Хэдэн жил мачийж зүтгэсэн ч дэлгүүр ажиллуулах үнэндээ боломжгүй болж нэг ёсондоо дампуурав. Энэ үед Осоржамаагийн хүүхдүүд жаахан, тусад ороогүй гэрт орж эм, гадаа гарч эр болон зүтгэж байлаа.

Социализмын үеэс сайн агрономчийн хүчинд ногоо тарьдаг уламжлалтай болсон Мөрөн сумын унаган хүний хувьд Осоржамаад газрын шимийг хүртэх бодол төрж, аймгийн төвд хашаандаа янз бүрийн ногоо тарьж эхлэв. Ургуулсан ногоогоо боловсруулж төрөл бүрийн салат хийж борлуулжээ. Дэлгүүр худалдааны ажил нь дампуурсан ч тэр ийнхүү худалдагчийн авъяасаа ашиглаж чадлаа. Түүнд хоёр чадвар байсны нэг нь ногоо тарьж чадна, нөгөө нь юмыг худалдан борлуулж чадна.
2001 оны эхээр “Дэлхийн зөн” хэмээх олон улсын нэгэн байгууллага Хан Хэнтий нутагт салбараа байгуулж, зах зээлд ширвэгдэж зүдэрсэн хүмүүст тусалж эхэллээ. Осоржамаагийн хувьд энэ байгууллага яг цагаа олж Хэнтийд иржээ. 2002 оны хавраас тус байгууллагын “Өрхийн үйлдвэрлэлийг дэмжих” төсөлд хамрагдан хуучнаар Өндөрхааны сангийн аж ахуйн ногооны талбайд 1 га газар авлаа. Тус байгууллага анх 28 өрхийг ийнхүү ногоо тарьж амьжиргаагаа залгуулахад нь тусалсны нэгэнд Осоржамаа багтаж чадсан нь энэ. Мөн 2003 онд үргэлжлүүлэн тус байгууллагын “Хүнсний ногооны үр багаж хэрэгслийн тусламж” төслийн дэмжлэгээр 1 га газар нэмж авч тариалангаа өргөжүүлжээ. Тэр үед Дэлхийн зөнгийн төсөлд хамрагдсан 28 өрхийн гишүүд аймгийн төвөөс 8-9 км-т байх ногооны талбай руугаа явган очиж ажиллаад явган буцаж ирнэ. Ногооны бүх ажил гар ажиллагаатай, хуучин усалгааны системийг ажиллуулах зардлыг Дэлхийн зөн гаргаж тэдэнд дэмжлэг үзүүлж байв.
Ингээд Осоржамаа эхний жилийнхээ ургацыг аваад түүнийгээ борлуулж газрын шимийг хүртэж хөдөлмөрийнхөө амтыг мэдэрч урамшжээ. “Дэлхийн зөнгөөс бидэнд бүх талаар тусалж байлаа. Усалгааны шатахууныг хүртэл шийдэж өгч байсан. Үрээр талбайгаар хангаж өгсөн. Дэлгүүр маань дампуурсан энэ үед Дэлхийн зөнтэй азаар учирч энэ газар эхтэйгээ холбогдох үүд хаалга нээгдсэн юм. Дампуурал над аз авчирсан. Нэг ёсондоо цагаа олсон дампуурал гэж энийг л хэлэх байх даа. Хүүхдүүдээ ч гэсэн ногооныхоо үр шимээр сайн сайхан өсгөж, сайхан амьдарцгааж байна даа” гэж Осоржамаа эдүгээ дурсч байна.
Тэртээ хорь гаруй жилийн өмнө байгуулсан хоршоогоо “99” нэртэй болгож, 2012 оноос хүнсний бүтээгдэхүүний бөөний худалдааны төв, супермаркет ажиллуулан хэрэглэгчдэд хямд үнэтэй, чанартай бүтээгдэхүүн нийлүүлдэг болохоор олон түмэн зорьж очиж худалдаа наймаа хийх дуртай болжээ.
Осоржамаагийнх энэ жил 10 гаруй га газарт 10 гаруй төрлийн ногоо тариалжээ. Энэ жил нар хур тэгш, ургац арвин жил боллоо гэсээр ногоочин захирал бүсгүй ногооны талбайдаа угтлаа. Лууван, байцаа, төмс, сонгино, улаан лооль, өргөст хэмх, чинжүү, хаш гээд ногоонууд нь сайхан ургажээ. Ногооны талбай тог цахилгаантай болсноор усалгаагаа цахилгаанаар хийдэг болохоор хур бороо багатай ч гэсэн ногоочид айх аюулгүй болсон байна.
Хэрлэнгийн хөндийд өдгөө 15-16 өрх айл ногоо тарьж байна. Нэг үеэ бодвол ногоочдын нөхцөл байдал их өөр болж, гэрэл цахилгаантай болох хүслийг нь аймгаас хангаж өгсөн аж. Харин талбайгаа хашиж хамгаалах ажил үлдсэн учраас малтай нэлээд тэмцдэг гэцгээж байна. “Монгол төмс” хөтөлбөрөөс төмс хүнсний ногооны үрээ авч тарьдаг болохоор энэ талд бэрхшээл багассан гэнэ. 9 сарын 10-даас ургацаа ид хурааж эхэлнэ. Харин одоо өргөст хэмх, улаан лооль чинжүү зэрэг нарийн ногоогоо хурааж байна.
Тариаланч ногоочдын хувьд хаврын нэг өдөр намрын 10 өдөртэй тэнцдэг гэсэн бичигдээгүй хууль үйлчилдэг. Тэгэхээр тариалалтаа эхлэх хугацаа маш чухал байдаг. Ингээд хэзээ боловсруулалтаа хийх, хэзээ бордох зэргээ нарийн тооцоолж цаг хугацаандаа хийх ёстой. Технологио баримтлаад яваад байвал ургац алдахгүй. Хэрлэнгийн хөндийн ногоочид нэг үеэ бодвол техникжчихжээ. Одоо ногоочид улсаас хөнгөлттэй үнээр техник авах, нийлж байгаад техник авах зэрэг олон арга замаар хөдөлмөр хөнгөвчилсөн техникүүд авч байна.
Осоржамаагийн гадаа ЮМЗ 80 трактор, 35 морины хүчтэй жижиг трактор ч байна. Том трактораараа газраа хагална, төмсөө үрлэнэ, харин жижиг трактораар нарийн ногооны бүх үрлэгээг хийдэг. Нарийн ногооны үрлэгээ хийдэг байцаа үрлэгч гэх мэт тоног төхөөрөмжөө гурван өрх нийлээд дундаа авсан байна. Ингэж дундаа техник авах нь хэн хэндээ хэрэгтэй, гар ажиллагааг аль болохоор халахын төлөө ногоочид хичээцгээж байна.
Осоржамаа зундаа 30-40 хүнийг түр ажлын байраар хангадаг бол түүний байнгын ажилчин арваад хүн байна. Ногоогоо 2 дэлгүүртээ борлуулж, сургууль, цэцэрлэгт нийлүүлдэг. Мөн хөрш Сүхбаатар аймгийн Түвшинширээ, Мөнххаан сумын цэцэрлэг сургуульд нийлүүлж байна. Малчдаар явж малаар ногоогоо солилцоно. Ингээд ногоо тарьсныхаа хүчээр ногоочид малжиж байна.
Анх Осоржамаа ногоо тарьж байхдаа 6-7 ямаатай болоод байгаа гэж ярьж байсан бол одоо 700-800 бог мал, 20 гаруй үхэр адуутай болжээ. Энэ бол газрын маань л шим буян шүү дээ гэж тэрбээр хэллээ. Малын бууцаар ногоогоо бордоно. Тэгэхээр малаас хаях юм байхгүй, ногооноос ч хаягдал байдаггүй бие биенээ тэтгэж шүтсэн аж ахуй юм. Ногооны хаягдлаа даршлаад малдаа тэжээл болгоод өгдөг бол малынхаа бууцаар газраа бордоно. Арваад жил тарьсан газар бордохгүй бол болохгүй.
Эндхийн ногоочид байгаль орчны төсөл хөтөлбөрт хамрагдаад чийгийн улаан хорхойгоор болон үхрийн аргал, адууны хомоол, тэмээ, хонь ямааны хорголыг шатаагаад коксжуулсан нүүрсэн бордоо гаргаж авах бэлтгэл хангаж байна. Өвлийн хүлэмж барьж байна, хорхойгоо үржүүлэх дулаан байр хэрэгтэй гэнэ. Мөн Даян дэлхийн байгаль хамгаалах сангийн төрөл бүрийн сургалтанд хамрагдаж ногооны зоорь, хүлэмжийг хямд төсөр материалаар хийх аргыг мэдэж авцгаажээ. Ийнхүү ногоочдын амьдрал өөрчлөгдсөөр байна. Харин тэдний сэтгэлийг зовоох нэг асуудал байгааг Осоржамаа ярилаа.
-МСҮТ-ийг ногооны ангигүй болголоо гэдэг харамсалтай байна. Малчдын, тариаланчдын залуу халаа зайлшгүй шаардагдаж байгаа талаар дээр доргүй ярьцгааж байна. Гэтэл урьд нь улсаас тэтгэмж цалин аваад сурч төгссөн хүүхдүүд хаачив… Цаашдаа сургахгүй болов уу? Хашир ногоочин ийн асууж байна.
Тэрбээр ногооны ажлынхаа хажуугаар тасалгааны цэцэг, чимэглэлийн болон жимсний модны үржүүлэг хийж байна. Эндхийн ногоочид 2007 онд “Хан Хэнтийн ногоочид” ТББ байгуулж, Осоржамаагийн багтдаг “Эвт бүргэд” эвлэл тэр ондоо Дэлхийн зөн ОУБ-ын “Шилдэг эвлэл”-ээр шалгарчээ.
Ногоочин бүсгүйн амьдрал тэгэхээр Газар эх, Дэлхийн зөнтэй салшгүй холбоотой болохоор сэтгүүлч надад “ГАЗАР ДЭЛХИЙ НЬ Л ТҮҮНИЙ АМЬДРАЛД АЧ БУЯНАА ӨГЧЭЭ” хэмээх бодол өөрийн эрхгүй төрсөн юм.
Тэр одоо Чингис хотын шилдэг ногоочны нэг, шилдэг бизнесменүүдийн нэг болж чадсан.