“Геннисийн ном”-нд бүртгүүлэхээр зорьж байгаа

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын “Хан Хэнтийн гар урчууд” ХХК-ийн ажилчид 100 метр урт, 1,8 метр өндөртэй эсгий ширмэл аравч урлаж, “Геннисийн ном”-д бүртгүүлэхээр зорьж байгаа бөгөөд эсгий аравчийг санаачлагч тус компанийн захирал Д.НЭРГҮЙГ дугаарынхаа зочноор урилаа.
 527-14733233260250
Эсгий аравч урлах санаа хэрхэн төрсөн бэ, бүтээлээ хэзээнээс оёж эхлэв?
-“Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ны анхдугаар их хурал манай аймагт өнгөрсөн оны 10 дугаар сарын 21-нд болсон. Тус хуралд сууж байхад “Хийж бүтээж чадвал дэмжих байгууллага, холбоотой болж байгаа юм байна” гэж баярлаж суусан. Ингээд тус холбоонд элсэж, 515 дугаартай үнэмлэх авч байлаа. Түүнээс хойш ханьтайгаа
нийлж XIII зууны үе, их эзэн Чингис хааны амьдрал ахуй, тухайн үеийн монгол түмний аж амьдрал, ёс заншлыг эсгий аравч дээр зээгт оёдлоор бүтээхээр санаачлан ажлаа эхэлсэн.
Ажил эхлэхэд хөрөнгө, санхүүгийн асуудал тулгарч байсан байх?
-Хөрөнгө мөнгөний асуудал гаралгүй яахав. Хямралтай үед хүний ажил санхүүжүүлнэ гэдэг амаргүй л дээ. Эрдэнэт хотын “Хан Хэнтий тоонот нутаг” ТББ-ын албаны хүмүүстэй уулзаж, учирлахад тэд маш сайхан хүлээн авч, дэмжин мөнгөн хандив, их урам зориг өгсөн.
Бүтээлийнхээ суурь зургийг хэр хугацаатай зурсан бэ. Одоогоор эсгий аравч урлах ажлын явц хэдэн хувьтай байна?
-Уг аравчны хар зургийн ажил 14 хоногийн хугацаатай хийгдэж, 20 метр хар зургаа зурсан. Одоогоор эсгий аравчны ажлын явц 90 гаруй хувьтай явж байгаа бөгөөд 1200 гаруй хүний хүч, хөдөлмөр орсон. Удахгүй 9 дүгээр сарын 8-нд хийж дуусгахаар төлөвлөөд байна.
Бүтээлийг урлахад түүхий эд чухал байдаг, эсгийгээ хаанаас авсан бэ?
-Эсгийгээ хаанаас авах, ямар эсгий сонгох талаар бид судалсан. Гар аргаар боловсруулсан эсгий зарим нь хэт нимгэн, эсвэл овгор, товгор байдаг. Тэгээд “Эрдэнэт” хивс үйлдвэрийн эсгийг сонгосон. Биднийг түүхэн бүтээл урлах гэж байгаагаа дуулгахад тус үйлдвэр эсгийний үнээ 10 хувиар хямдруулж дэмжлэг үзүүлсэн.