Баярт мэдээ

ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР БОЛОН МОНГОЛРОСЦВЕТМЕТ КОМПАНИУД ҮНДЭСНИЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТТАЙ МОНГОЛЫН КОМПАНИ БОЛЛОО

 

ОХУ-ын Ростех төрийн өмчит корпораци Монгол, Оросын хамтарсан “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон “Монголросцветмет” ХХК-ийн оросын талын хувьцааг Монголын талд худалдсанаа баталгаажуулсан түүхэн хэлцлийг албан ёсоор зарлаж байна.

Эрдэнэт үйлдвэр болон Монголросцветмет компанийн 51%-ийг Монголын төр эзэмшдэг бөгөөд харин дээрх хоёр компанийн Оросын талын 49%-ийг Монголын үндэсний 100 хувийн хөрөнгө оруулалттай “Монголын зэс корпораци” эзэмших болж байна. “Монголын зэс корпораци”-ийн энэхүү хэлцэлд Монголын санхүүгийн зах зээлийн хамгийн туршлагатай компани болох Ти Ди Би Капитал компани санхүүгийн зөвлөхөөр ажилласан бол олон улсын нэр хүнд бүхий Skadden хууль зүйн фирм хууль эрх зүйн зөвлөхөөр тус тус ажилласан байна. Ростех корпорацийн хуулийн зөвлөхөөр нэр хүнд бүхий Baker & M хуулийн фирм ажиллажээ.

Ийнхүү хамтарсан хөрөнгө оруулалттай байсан аж ахуйн нэгжүүдийн Оросын талын хувьцааг Монголын зэс корпораци худалдан авах хэлцэлд олон улсын нэр хүнд бүхий хуулийн зөвлөх, аудитын компаниудыг ажиллуулснаар хууль эрхзүйн хувьд бүх талаар нийцтэй, зөв байх нөхцлийг хангажээ.

Хамтарсан үйлдвэрийн статустай байсан дээрхи компаниуд нь одооноос эхлэн Монголын үндэсний аж ахуйн нэгжүүд болж буй бөгөөд Эрдэнэт үйлдвэр ХХК болон Монголросцветмет ХХК дахь Оросын талын хувьцааг Монголын зэс корпорацид худалдах ажиллагаа нь хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээний дагуу ОХУ-ын Засгийн газар болон Монгол улсын Засгийн газрын холбогдох тогтоол шийдвэрүүд, корпорацийн түвшинд Ростехийн удирдах зөвлөл, Хяналтын зөвлөлийн шийдвэрүүдээр бүрэн баталгаажсан болно. Эдгээр нөхцлийн үндсэн дээр Узбекистаны нийслэл Ташкент хотноо болсон Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын Дээд хэмжээний уулзалтын үеэр хэлцэл нь албан ёсоор эцэслэгдэн зарлагдлаа.

Ростех компани нь дээрхи хамтарсан компаниуд Монголын мэдэлд бүрэн шилжиж буй энэхүү хэлцлийг дүгнэж хэлэхдээ
“Энэхүү хэлцэл нь өнөөгийн нөхцөлд хийсэн Ростехийн хамгийн том хэлцэл бөгөөд үүний дүнд манай компанийн төсөвт нэг дор хамгийн их бэлэн мөнгө орж ирсэн тохиолдол болов.

Түүнчлэн цаашид Монгол улс дээрх компаниудыг өөрсдийн корпорацийн стратегийн дагуу хөгжүүлэх боломж нээгдэж буй бөгөөд хөрөнгийг зөв зохистой удирдаж, үр ашгийг нэмэгдүүлэх ажиллагааны жишээ болох төдийгүй хоёр орны улстөрийн хамтын ажиллагааг илүү батжуулна гэдэгт итгэж байна” гэв.

Харин Монголын зэс корпорацийн хувьд төлбөрийг 100% төлж, гэрээнд заагдсан нөхцлүүдийг бүрэн хангаснаар хэлцэл дуусгавар болсон болно.

Энэхүү түүхэн хэлцлийн үр дүнд Эрдэнэт үйлдвэр болон Монголросцветмет компани анх байгуулагдсан цагаасаа хойш буюу бараг дөч орчим жилийн дараа бүрэн утгаараа Монголдоо ирж байна. Хэдийгээр сүүлийн хэдэн жилийн туршид дэлхийн зах зээлд тогтворгүй байдал давамгайлж Монгол Улс зэрэг уул уурхайд түшиглэсэн орнууд санхүүгийн хямралтай байгаа хэдий ч Монголын үндэсний компани ийнхүү томоохон хэмжээний хэлцлийг хийж чадсанаараа онцлогтой боллоо.

Монголчуудын хувьд түүхэн хэмээн зүй ёсоор тооцогдох Эрдэнэт үйлдвэр болон Монголросцветмет компаниуд үндэсний хөрөнгө оруулалттай болсон үйл явдал нь дараахь давуу талуудыг бий болож байна. Үүнд:

  • Үйлдвэрүүдийн үр ашиг бүрэн утгаараа Монгол улсад 100% үлдэх нөхцөл бүрдэнэ;
  • Хувийн хэвшил орж ирснээр компаниудын засаглал сайжирч, хөрөнгө оруулалт нэмэгдэнэ;
  • Үйлдвэрийн ашигт ажиллагаа өсч, үр ашиг сайжирч, Монгол Улсын төсөвт өгөх татварын хэмжээ нэмэгдэнэ;
  • Үйлдвэрийг өргөжүүлж, үндэсний зэс хайлуулах үйлдвэр барих, экспортыг нэмэгдүүлж, гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлнэ;
  • Олон улсад өрсөлдөх чадвар эрс дээшилнэ. Ийнхүү Монгол түмний их баяр наадмын өмнөхөн Монгол Улс маань дэлхийн хэмжээнд өрсөлдөхүйц үндэсний аж ахуйн нэгжтэй боллоо.